Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/05/31-НД НИЙТЛЭГДСЭН

Л.Болд: Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарын гэр бүлд нь мэнд дамжуулах хүн ёсны уулзалт боллоо

А.Төгөлдөр, iKon.mn
2019 оны 5 сарын 31
iKon.MN
 
Гэрэл зургийг mpa.mn

С.Зоригийн хэргийг шалгах Түр хорооны гишүүн УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд нар С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгт буруутгагдаж буй Т.Чимгээ, Б.Содномдаржаа нартай уулзжээ. Уулзалтын дараагаар сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн юм. 

УИХ-ын гишүүн Ж.Батзандан "Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарын биеийн байдал нь тааруу, тамирдуу байна. Тиймээс ойрын хугацаанд нарийн шинжилгээнд оруулах, эрүүл мэндийн үйлчилгээг сайжруулах талаар Хорих ангийн удирдлагуудад хэллээ. Монгол Улсын гэм зэмгүй хоёр иргэн хилсээр хоригдож байгаа гэдгийг Түр хороо олон баримтаар тогтоосон. Шинээр илэрсэн нөхцөл байдлын хүрээнд тэднийг нэн даруй суллуулах, цагаатгах ажлын төлөө Түр хороо ажиллаж байна" гэв. 

mpa.mn

УИХ-ын гишүүн Л.Болд "Маргааш эх үрсийн баяр болно. Т.Чимгээ гурван хүүхдийн эх, харин Б.Содномдаржаа найман хүүхдийн эцэг. Тиймээс гэр бүлд нь мэнд дамжуулах хүн ёсны уулзалт боллоо. Биеийн байдал нь тааруу байгаа ч сэтгэл санааны хувьд жилийн өмнө уулзаж байснаас арай дээрдсэн байна.

Нийт ард түмэндээ хандаж, хилсээр хэлмэгдэж байгаа хоёр иргэнээ чөлөөлүүлж авахын төлөө ард түмний хөдөлгөөнийг эхлүүлж байна. Иргэд гарын үсгээ зурж нэгдэхийг хүсэж байна. Мөн эрүүдэн шүүсэн бичлэгийн зарим хэсгийг олон нийтэд ил болгохыг хоёулаа зөвшөөрсөн тул олон нийтэд ил болгохын төлөө ажиллана" хэмээлээ.