Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/05/31-НД НИЙТЛЭГДСЭН

"Баярын үеэр цагдаагийн ажилтнуудаас цаасан бугуйвч авч, утасны дугаараа бичээд хүүхдийнхээ гарт нь зүүлгээрэй"

С.Бадрал, iKon.mn
2019 оны 5 сарын 31
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Нийслэлийн засаг даргын тэргүүлдэг Нийслэлийн хүүхдийн төлөө зөвлөлийн хурал өнөөдөр болж байна.

Энэ удаагийн хурлаар өмнөх хуралдааны үүрэг даалгавар болон

  • Нийслэлийн Эрүүл мэндийн газраас хүүхдийн өвчлөл, осол гэмтэл, жирэмслэлт, үр хөндөлтийн талаар,
  • Нийслэлийн халамж, үйлчилгээний газраас хүүхдийн мөнгө олголт, бүтэн, хагас өнчин хүүхдийн нөхцөл байдал,
  • Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас хүүхдийн хөгжил, хамгааллын талаар нөхцөл байдал,
  • Тээврийн цагдаагийн албанаас хүүхдийн осол гэмтлээс хамгаалах ажлыг хэрхэн зохион байгуулж байгаа талаар мэдээлэл танилцуулж хэлэлцлээ.
 
Гэрэл зургийг mpa.mn

Энэ үеэр Нийслэлийн гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын Хүүхэд хөгжил, хамгааллын хэлтсийн дарга П.Мягмаржав "Өнөөдрийн хурлын үеэр хүүхэд хамгааллын чиглэлээр хамтарч ажилладаг байгууллагууд хамтын ажиллагаагаа дүгнэхийн зэрэгцээ цаашдын ажлаа төлөвлөх юм.

2016 оноос хүүхдийн тусламжийн утас/108/ ажиллаж, дэргэдээ хүүхэд хамгааллын мэдээллийн сантай болсон. Уг санд байгаа мэдээллүүдэд дүн шинжилгээ хийгээд үзэхээр хүүхдийг үл хайхрах болдон бие махбодын хүчирхийллийн мэдээлэл нэлээн байдаг. Энэ нь цэвэр эцэг эхийн үүрэг хариуцлага сул байгаатай холбоотой гэж үзэж байгаа. Тиймээс бидний зүгээс эцэг эхийн үүрэг хариуцлагыг сайжруулах болон урьдчилан сэргийлэх чиглэлд нийт ажлынхаа 60-70 хувийг чиглүүлэн ажиллаж байна.

Нэг хүүхдэд тулгамдсан асуудлыг нэг байгуулага дангаараа шийдэх боломжгүй байдаг учраас олон байгууллагын хамтын ажиллагаа чухал байна" хэмээн ярилаа.

"Олон нийтийн арга хэмжээний үеэр утасны дугаар бичиж хүүхдэд зүүлгэдэг цаасан бугуйвч тараана"
 
Гэрэл зургийг mpa.mn

Цэцэрлэг, сургуулийн амралт эхлэхээр хүүхдүүд ахуйн осолд өртөх нь нэмэгддэг.

Энэ талаар Нийслэлийн цагдаагийн газрын Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн Д.Оюун "Эцэг эхчүүд амралт зугаалгаар явахдаа хүүхдэдээ хандуулах анхаарлаа нэмэгдүүлж, гол усны аюулаас сэрэмжилж байх хэрэгтэй байна. Сүүлийн 20 жилийн хугацаанд усанд осолдож живснээс одоог хүртэл сураггүй байгаа 12 тохиолдол цагдаагийн байгууллагад бүртгэлтэй байгаа.

Мөн гэрт олон цагаар цоожтой үлдсэн хүүхдүүд галын аюулд орох, халуун тогоонд түлэгдэх, орон сууцны цонхоор өндрөөс унаж эрүүл мэнд, амь насаараа хохирох тохиолдол нэмэгдэх хандлагатай байдаг. Тиймээс хүүхдээ олон цагаар ганцааранг нь орхиж байгаа бол хөршдөө хэлж захиж байх хэрэгтэй байна.

Хүүхдийн баяраар олон нийтийн газраар явахдаа мөн хүүхдээ сайн харж байх хэрэгтэй. Жил бүрийн Хүүхдийн баяраар Д.Сүхбаатарын талбай болон Үндэсний соёл амралтын хүрээлэнд 50-60 хүүхэд аав ээжээсээ төөрдөг. Тиймээс цагдаагийн байгууллага хүч нэмэгдүүлэн ажиллаж 1-3 цагийн дотор хүүхдийг ар гэрийнхэнд нь хүлээлгэж өгөх ажлыг зохион байгуулдаг. Олон нийтийн арга хэмжээний үеэр утасны дугаар бичдэг цаасан бугуйвчийг тараана. Хэрэв таны хүүхэд хөдөлгөөнтэй, төөрөх эрсдэлтэй гэж үзэж байвал цагдаагийн ажилтнуудаас цаасан бугуйвчийг аваад гар утасны дугаараа бичээд гарт нь зүүлгээрэй" хэмээв.

Нийслэлийн хүүхдийн төлөө зөвлөлийн хурал гишүүдээс дэвшүүлсэн бусад асуудлаар хэлэлцэж хүүхдэд чиглэсэн тогтоол, зөвлөмж чиглэлүүд гаргах юм байна.