Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/05/31-НД НИЙТЛЭГДСЭН

С.Чинзориг: Хүсэлт гаргасан өрхийн хүүхдийн мөнгөн тэтгэмж зургаадугаар сарын 20-ноос олгогдоно

Т.Саран, iKon.mn
2019 оны 5 сарын 31
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Хүсэлт гаргасан хүүхэд бүрт 2019 оны зургаадугаар сараас хүүхдийн мөнгөн тэтгэмжийг олгох болсон талаар салбарын сайд өнөөдөр мэдээлэл хийлээ.



ХНХ-ийн сайд С.Чинзориг "Монгол Улсын Засгийн газраас 2019 оны зургаадугаар сарын 1-нээс эхлээд хүсэлт гаргасан хүүхэд бүрт мөнгөн тэтгэмж олгох асуудлыг шийдвэрлэх чиглэл өгсөн. 

Энэ дагуу ХНХЯ, Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газар зургаадугаар сард багтааж хүүхдийн мөнгийг олгох зохион байгуулалтын ажлыг хийж байна.

2018 оны 5 дугаар сард УИХ-ын шийдвэр гарч нийт хүүхдийн 80 хувьд буюу  912,000 хүүхдэд мөнгө олгох 40 дүгээр тогтоолыг баталсан. Тогтоолд цаашдаа хүүхдийн мөнгөн тэтгэмж авах хүсэлт гаргасан өрхийн хүүхдүүдэд олгох арга хэмжээ авах заалт байдаг.

Тогтоолыг хэрэгжүүлэх үүднээс Засгийн газар 2019 оны зургаадугаар сарын 1-нээс хүсэлт гаргасан өрхийн хүүхдүүдэд мөнгөн тэтгэмжийг олгохоор боллоо.

40 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэхээр ХНХЯ, ХХҮЕГ 2018 оны 7, 8 сард орон нутгийн Хөдөлмөр халамжийн хэлтсүүдийг түшиглэж хүүхдийн мөнгөн тэтгэмжээ авах хүсэлтэй байгаа өрхийн судалгааг авсан. Судалгааг нэгтгээд үзвэл ХХҮЕГ-ын өрхийн мэдээллийн санд бүртгэгдсэн 980,000 хүүхэд мөнгөн тэтгэмжийг авахаар хүсэлтээ илэрхийлсэн байна.

УИХ 2019 оны төсөв батлахдаа нийт хүүхдийн 80 хувьд буюу 912,000 хүүхдэд олгох мөнгөн тэтгэмжид шаардлагатай 218 тэрбум төгрөгийг баталж өгсөн. 

Энэ төсвийн хуулийн дагуу 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс өнөөдрийг хүртэл 912,000 хүүхдэд сар тутам хүүхдийн мөнгийг олгож ирсэн.

Өнгөрсөн жил авсан судалгаагаар 912,000 хүүхэд дээр нэмэгдээд 70,000 гаруй хүүхэд мөнгөн тэтгэмж авах хүсэлт өгсөн байна. Тийм учраас зургаадугаар сараас эхлээд хүсэлт гаргасан өрхийн хүүхдэд мөнгөн тэтгэмжийг олгоход саад бэрхшээлгүй, боломж нь бүрдсэн байгаа.

Иргэдэд хандаж хоёр зүйл хэлье.

Нэгдүгээрт, 2018 оны 7, 8 дугаар сард хүүхдийн мөнгөн тэтгэмж авах хүсэлтээ илэрхийлж, Хөдөлмөр халамжийнхаа хэлтэст бүртгүүлж материалаа өгсөн бол дахиж хүсэлт гаргахгүй. 

Харин иргэд өөрсдөө Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтэст очоод өгсөн хүсэлтээ өрхийн мэдээллийн санд орсон эсэхийг баталгаажуулах нь зүйтэй.

Хоёрдугаарт, хэрэв  2018 оны 7, 8 дугаар сард хийгдсэн судалгаанд хамрагдаагүй бол өнөөдрөөс эхлэн оршин суугаа дүүрэг, аймаг, сумынхаа хөдөлмөр халамжийн нийгмийн ажилтанд хандан хүүхдийн мөнгөн тэтгэмж авах хүсэлтээ илэрхийлэх боломжтой. Материалыг авсны дараа амьжиргааны түвшинг нь 670 гэсэн оноогоороо татаж үзээд, хүүхдийг мөнгөн тэтгэмжид хамруулах батлгаажуулалтыг гаргаж, олгох арга хэмжээг авна.

2019 оны зургаадугаар сараас хүсэлт гаргасан хүүхэд бүрт олгох мөнгөн тэтгэмжид нэмэлт 12.3 тэрбум төгрөгийн эх үүсвэр шаардлагатай байгаа. Үүнийг 2019 оны ХНХ-ын сайдын багцаас олгоно. Ямар нэгэн хууль зөрчигдөх, төсөв санхүүгийн дутагдал гарахгүй.

Хүүхдийн мөнгөн тэтгэмж зургаадугаар сарын 20-нд олгогдоно. Төсвийнхөө хүрээнд олгож байгаа учраас нөхөж олгохгүй" хэмээн ярилаа.