Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/05/31-НД НИЙТЛЭГДСЭН

УИХ-ын дарга Япон Улсын Ерөнхий сайд Ш.Абэ-тай хамтын ажиллагааны асуудлаар санал солилцлоо

ikon.mn
2019 оны 5 сарын 31
iKon.MN
 

Монгол Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатар 2019 оны 5 дугаар сарын 30-31-ний өдрүүдэд Японы эдийн засгийн нөлөө бүхий хэвлэл “Никкэй” сонины газраас зохион байгуулж буй 25 дахь удаагийн “Азийн ирээдүй” олон улсын форумд уригдаж, үндсэн илтгэгчээр оролцов.

Тэрбээр дэлхийн шинэ дэг журам, хүндрэл бэрхшээлийг даван туулах асуудал болон Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн байдал, төрөөс явуулж буй бодлого, цаашдын зорилтын талаар илтгэв.  

Тус форумд Филиппин Улсын Ерөнхийлөгч Р.Дутертэ, Малайзын Ерөнхий сайд М.Махатир, Бангладешийн Ерөнхий сайд Ш.Хасина, Камбожийн Ерөнхий сайд Хун Сен нарын зэрэг төр, засгийн тэргүүн нар оролцож байна.

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар энэ үеэр “Никкэй” сонин, “Nikkei Asian review” сэтгүүлд ярилцлага өгөв.

 

Мөн форумын хүндэтгэлийн хүлээн авалтад оролцож, Япон Улсын Ерөнхий сайд Ш.Абэ, Либериал ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Т.Никай нартай уулзаж, хоёр улсын хамтын ажиллагааны асуудлаар санал солилцлоо.

УИХ-ын даргыг Япон Улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Т.Ошима хүлээн авч уулзав

 

Японы эдийн засгийн нөлөө бүхий хэвлэл “Никкэй” сониноос Токио хотноо зохион байгуулж буй “Азийн ирээдүй” олон улсын форумд оролцож байгаа Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарыг энэ сарын 30-ны өдөр Япон Улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Т.Ошима хүлээн авч уулзав.

Уулзалт яриа найрсаг байдалд болж, энэ үеэр хоёр талын Парламент хоорондын харилцаа, хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагааны талаар харилцан санал солилцов.

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Монгол Улс санхүүгийн хүндрэлийг даван туулахад Япон Улсаас үзүүлж буй санхүүгийн дэмжлэгт талархаж буйгаа илэрхийлээд хоёр үе шаттай зээлийн дараагийн шатны санхүүжилтыг яаралтай шийдэж өгөхийг Төлөөлөгчдийн танхимын даргаас хүсэв.

 

Уулзалтад Монгол Улсаас Япон Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Батжаргал, японы талаас Японы Төлөөлөгчдийн танхимын Япон-Монголын найрамдлын бүлгийн дарга М.Хаяаши нар байлцлаа гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.