Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/05/31-НД НИЙТЛЭГДСЭН

Дүрвэгсдийг зогсоох зорилгоор Мексикийн бүх бараанд татвар оноох шийдвэрийг Трамп гаргалаа

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 5 сарын 31
iKon.MN
Зураг зураг
Дональд Трамп Мексикийн өмнөх ерөнхийлөгч Энрик Пена Ниетогийн хамт

Дөнгөж сая АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Мексикийн хилээр орж ирэх бүх бараанд импортын нэмэлт татвар оноох болсноо зарлалаа.

Зургаадугаар сарын 10-ны өдрөөс эхлэн Мексикээс ирэх бүх бараа 5 хувийн татвартай болох бөгөөд тус улсаас АНУ-д ирэх дүрвэгсдийн урсгал зогсохгүй бол татварын хэмжээг алхам алхмаар нэмэгдүүлнэ гэж Трамп твиттер хуудсандаа бичжээ.

Тэрээр АНУ-ын өмнөд хил дээр өрнөж буй үйл явдалтай холбогдуулан үндэсний хэмжээнд онц байдал зарласан юм. 

2016 оны сонгуулийн үеэр болон ерөнхийлөгч болсныхоо дараа Дональд Трамп АНУ-Мексикийн хил дээр хана хэрэм босгох талаар байнга ярьж байгаа.

Гэхдээ конгресс түүнд ийм зориулалттай хөрөнгө баталж өгөхгүй байгаа юм.

Цагаан ордноос гаргасан мэдэгдэлд өгүүлснээр Мексикийн бараа бүтээгдэхүүнд оноосон импортын 5 хувийн татвар сар бүр 5 пунктээр нэмэгдэж, аравдугаар сарын нэгэн гэхэд 25 хувь болж өсөх гэнэ.

Мексик улс авокадо, текила зэрэг голдуу хөдөө аж ахуйн барааг АНУ-д экспортлодог. Бас АНУ-ын олон компанийн үйлдвэрүүд энд байрладаг.

Сар бүр хэдэн зуун мянган автомашиныг Мексикт үйлдвэрлэж гаргадаг. Мексик нь Их 20-ын бүлэгт багтдаг том эдийн засагтай орон юм.

Зөвхөн АНУ-аас Ford, General Motors, John Deere, IBM, Coca Cola зэрэг томоохон компаниудын үйлдвэрлэл Мексикт явагддаг. Дэлхийн бусад улсын томоохон үйлдвэрлэгчид ч энд төвлөрдөг юм.

 

Эх сурвалж: BBC