Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/05/30-НД НИЙТЛЭГДСЭН

Хотжилтоос үүдэлтэй нөөцийн асуудлуудаа Азийн орнууд хэлэлцлээ

ikon.mn
2019 оны 5 сарын 30
iKon.MN
Зураг зураг

ХБНГУ-ын Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яам (BMZ)-ны санхүүжилтээр Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албатай хамтран 2013-2019 онд хэрэгжүүлсэн Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ)-ийн “Азийн хотуудын нөөцийн цогц менежмент: Хотын Нэксус” төслийн хаалтын арга хэмжээ буюу төгсгөлийн IX хуралдааныг Тайландын Бангкок хотод энэ сарын 22, 23-ны өдрүүдэд зохион байгууллаа.

Энэ төсөлд Ази, Номхон далайн бүсийн долоон орны 12 хот хамрагдсан бөгөөд Азид хурдацтайгаар явагдаж буй хотжих үйл явцаас үүдэлтэй ялангуяа ус, эрчим хүчний хангамж болон газар ашиглалт, хүнсний хангамжтай холбоотой тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд бүс нутгийн хотуудад ус, эрчим хүч, хүнсний нөөцийн цогц төлөвлөлт, менежментийн чадавхыг бэхжүүлэх чиглэлээр техникийн туслалцаа үзүүлсэн.

Тухайлбал, Улаанбаатар хотод угсармал орон сууцны барилгын дулаан-техникийн шинэчлэлтийн төсөл арга хэмжээг хэрэгжүүлэх, Улаанбаатар хотын Эрчим хүчний мастер төлөвлөгөөний урьдчилсан судалгаа, хатуу хог хаягдлыг шатааж эрчим хүч үйлдвэрлэх байгууламжийн урьдчилсан ТЭЗҮ зэрэг судалгаа, гэр хорооллын дахин төлөвлөлт зэрэг чиглэлээр дэмжлэг үзүүлсэн.

 

Төслийн бодлогын түншээр НҮБ-ын ESCAP (Ази, Номхон Далайн Эдийн Засаг, Нийгмийн Хороо) байгууллага, хэрэгжүүлэгч түншээр ICLEI (Тулахтай хөгжлийн төлөөх нутгийн захиргаад) байгууллага хамтран ажиллаж бүс нутгийн тэргүүн туршлага, ололтуудыг бүс нутгийн мэдлэг түгээх платформд (Network) суулгаж, ингэснээр нөөцийн цогц менежментийн санаачилгуудыг бүс нутгийн болон үндэсний хэмжээнд түгээн дэлгэрүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн.

Хуралд Улаанбаатар хотыг төлөөлж Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр, Ус сувгийн удирдах газрын дарга Ц.Төрхүү, Нийслэлийн орон сууцны корпораци ХК-ны Ерөнхий захирал Б.Сүхбаатар болон Сангийн яам, Үндэсний хөгжлийн газрын төлөөлөл оролцож хотын өмнө тулгамдсан асуудлаар салбар хуралдаануудад оролцон туршлагаа хуваалцаж санал бодлоо илэрхийллээ.

Бүс нутгийн 9 дэх төгсгөлийн хуралдаан нь хотуудын туршлага, гарсан үр дүн, ололт амжилт, сургамжийг танилцуулахын зэрэгцээ бусад улс орон, хотуудад үр өгөөжийг нь хүртээх арга замыг эрэлхийлж нөөцийн цогц менежментийг үзэл санааг нутагшуулахад чухал арга хэмжээ боллоо.

Хуралд олон улсын шинжээчид, мэргэжилтнүүд дэд бүтцийн зарим шийдлүүдийг танилцуулж хотын нөөцийн цогц менежментийг санал санаачлагууд нь дэлхийн уур амьсгалын өөрчлөлт, тулхтай хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд хэрхэн нөлөөлж болох талаар мэдээлэл өгсний зэрэгцээ коллеж, их, дээд сургуулиудын багш, оюутан нарыг оролцуулж тэдгээрийн сургалтын хөтөлбөр, заах аргуудыг нэгтгэх, уялдуулах арга замыг  хэлэлцсэн нь энэ арга хэмжээний нэг онцлог байлаа.

 

Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс