Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/05/30-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Лхагва: ХХААХҮЯ энэ онд дөрөвхөн мянган тонн мах нөөцөлсөн нь махны үнэ өсөхөд нөлөөлсөн шалтгааны НЭГ

С.Бадрал, iKon.mn
2019 оны 5 сарын 30
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас мэдээлэл хийж шатахууны үнэ, махны үнэ, сурагчдын үдийн цайны асуудал гэх мэт зургаан асуудлаар мэдээлэл хийлээ.

2017, 2018 онуудад иргэдээс гомдол санал ихээр ирдэг байсан бол 2019 онд иргэдээс зөвлөмж, зөвлөгөө хүссэн хүсэлт ирэх болсон байна.

Иргэдээс ирсэн гомдолд хамгийн их жин дарж байгаа нь жижиглэн худалдаатай холбоотой гомдол иржээ.

Ингээд зарим асуудлаар ШӨХТГ-ын дарга Б.Лхагва дараах мэдээллийг өглөө.

Үүнд “Үдийн цай хөтөлбөртэй холбогдуулж олон төрлийн шалгалтыг хийж байгаа. Зөрчил дутагдал гарсан хэвээр байна. Тухайлбал, 4, 115-р сургуульд гэнэтийн шалгалт хийхэд хэд хэдэн зөрчил илэрсэн бөгөөд үүнд бүтээгдэхүүний чанар, гарал үүслийн гэрчилгээ хангалтгүй, бэлтгэн нийлүүлэгчидтэй хийсэн гэрээ хангалтгүй зэрэг нь тогтоогдсон гэв.

Үдийн цай хөтөлбөр хэрхэн хэрэгжиж байгааг бид бүх сургуульд хянах боломж, бололцоо хангалттай биш байгаа учраас энэ асуудалд бүх нийтийн хяналт хэрэгтэй байна” гэж байв.

Мөн махны үнэ өссөн асуудлаар “Махны үнэ өнгөрсөн долоо хоногоос буурч байна. Махны үнэ өсөхөөр манай агентлаг хянадаг гэж ойлгодог ч бидэнд үнэ хянах эрх байдаггүй. Бид зөвхөн монополь ААН-үүдийн үнийг хянах эрхтэй. Гэхдээ бид махны үнийн өсөлттэй холбоотой шалгалт хийж дүгнэлт гаргасан. Эмээлт зах, Хүчит шонхор худалдааны төвүүдэд шалгалт хийсэн.

Шалгалтын явцад үнэ өсөхөд малчдаас шууд худалдан авах үйл явц саадтай хэвээр байна. Өөрөөр хэлбэл, олон дамжлага байсаар байна. Яамнаас энэ жил мах нөөцлөх ажлыг хангалтгүй гүйцэтгэсэн. Жилд багадаа 12 мянган тонн мах нөөцөлдөг байсан ч энэ жил дөрөвхөн мянган тонн мах нөөцөлсөн.

Мөн экспортын квотын эрхтэй компаниуд их хэмжээний мах нөөцөлсөн учир үнэ нэмэгдсэн гэж үзсэн.

Дээрээс нь аймаг, нийслэлийн Засаг дарга нар уг нь стратегийн бүтээгдэхүүн нөөцлөх хуулиар хүлээсэн үүрэгтэй ч үүнийгээ биелүүлж чадахгүй байна.

Хүнсний асуудлыг гэхэд ХХААХҮЯ манлайлж хийх ёстой. Сайд дарга нар нь олон солигдож энэ асуудал орхигдож байна” гэлээ. Махны үнэ өссөн шалтгааныг судалсан дүгнэлтээ ШӨХТГ Засгийн газарт танилцуулсан байна.

Шатахууны үнийн асуудлын тухайд өнгөрсөн дөрөвдүгээр сард 2 удаа, энэ сард 1 удаа үнээ нэмсэн. Энэ тухай Б.Лхагва “Нийтдээ 102 ААН нефть импортлох тусгай зөвшөөрөл авсан байдаг. Үүнээс 17 томоохон ААН-д хяналт шалгалт хийсэн.

Шатахуун жижиглэнгийн үнэ төрөл тус бүрээс хамаарч 97-161 төгрөгөөр өссөн байна.

Үүнийг бид хилийн үнэ, худалдан авч буй Роснефть компанийн үнийг судлахад жижиглэн борлуулалтын үнийг ийн өсгөх нөхцөл үүсээгүй байна гэж үзэж байна. Тиймээс ч холбогдох шаардлагуудыг тавьсан. Мөн төрийн байгууллагуудад холбогдох саналыг хүргүүлсэн” гэлээ.