Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/05/30-НД НИЙТЛЭГДСЭН

Гэмтлийн эмнэлэгт өдөрт 150 хүүхэд ирж байна

Р.Оюун
2019 оны 5 сарын 30
Зууны мэдээ
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Зуны урин дулаан цаг ирсэн ч сүүлийн үед хүүхдүүд санамсаргүй байдлаар их бэртэж гэмтэж байна. Тиймээс энэ талаар сурвалжлахаар Гэмтэл согог судлалын үндэсний төвд очиход гадна талбай машинаар, хүлээлгийн танхим болон амбулаториор үйлчлүүлэх өрөөнүүд хүн ихтэй байлаа. Үүдэнд зогсох цагаан халаадтай залуухан эмчээс хүүхдийн тасаг хэдэн давхарт байдаг талаар асуугаад дөрвөн давхарт гарлаа. Дөрвөн давхарт хүүхдийн хоёр тасаг байх бөгөөд н.Жаргалсайхан, н.Болдбаатар гэсэн хоёр эрхлэгчтэй, тэд мэс засалд орсон тул өрөө нь эзгүй байв. Хэсэг хүлээсний дараа тасгийн эрхлэгч Болдбаатартай уулзаж ирсэн зорилгоо хэлэхэд мэс засалд орох гээд завгүй байна. Тасаг руу оруулах боломжгүй, амбулаторийн эмч Б.Батсайхантай уулзахыг зөвлөсөн юм.

Ингээд нэг давхарт байрлах амбулаторит очиход гар, хөлөө боосон, нялх хүүхдээ тэвэрсэн аав ээжүүд дарааллаа хүлээн зогсож байлаа. Бид ч гэсэн тэдний араас дугаарлан зогсож Хүүхдийн гэмтэл согогийн тасгийн эмч Б.Батсайхантай уулзаж ирсэн зорилгоо хэллээ. Тэрбээр “Эцэг эхчүүд гэлтгүй нийгэм эрүүл аюулгүй орчинг бүрдүүлэх ёстой. Хүүхдийн тоглоомын талбайн ихэнх нь машины зогсоол болсноос хүүхдийн аюулгүй байдал алдагдаж тоглож байгаад авто осолд орох, юмнаас унаж гэмтэх нь ихэссэн. Өнөөдөр манайд бүх төрлийн гэмтэл ирж байна. Бага насны болон дөнгөж хөлд орж байгаа хүүхдүүд их түлэгдэж байна. Энэ нь эцэг эхийн анхаарал болгоомжгүйтэй холбоотой. Гэрт, гадаа ч бай хүүхэд аюулгүй орчинд байх ёстой. Гэтэл үүнийг бүрдүүлээгүйгээс хүүхдүүд бэртдэг.

 Бэртэж ирж байгаа хүүхдүүдийн ихэнх нь эрэгтэй байна.

Бэртэж ирж байгаа хүүхдүүдийн ихэнх нь эрэгтэй байна. Зуны улирал эхэлсэн болохоор гарааш, дугуй, мориноос унадаг. Мөн эцэг эхчүүд хүүхдээ машинд зориулалтын суудал дээр суулгаж, бүс хэрэглэх хэрэгтэй. Нас насанд нь тохирсон аюулгүй орчныг бүрдүүлэх нь чухал. Тухайлбал, нэг настай, дөнгөж хөлд орж байгаа хүүхдийг унах, гараа юманд хавчуулах, түлэгдлээс сэргийлэх арга хэмжээг гэртээ авах хэрэгтэй. Харин гадаад орчинд зөөлөвчтэй тоглоомын талбайд тоглуулах нь зөв” гэж байлаа.

Өдөрт 60-70 хүүхэд хэвтэн эмчлүүлдэг

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн хүлээн авахад өдөр бүр 350-400 хүн ирдгээс 150 нь 0-18 насныхан аж. Мөн хүүхдийн хоёр тасагт өдөрт 60-70 хүүхэд хэвтэн эмчлүүлдэг байна. Бэртэж гэмтэхээс гадна түлэгдсэн хүүхдэд давс, сахар, уушгины улаан эм болон янз бүрийн тос түрхэх нь хамгийн буруу арга хэмээн Б.Батсайхан эмч анхаарууллаа. Хэрэв хүүхэд тань түлэгдсэн тохиолдолд түлэгдсэн хэсгийг хүйтэн усанд 15-20 минут байлгаад заавал эмнэлэгт ирж эмчлүүлэх ёстой. Харин буруу эмчилгээ хийснээр түлэнхийд хүндрэл үүсч шархны эдгэрэлт удааширдаг ажээ. Мөн гар, хөл бэртсэн үед бариачид бариулахгүйгээр чиг барьж боон эмнэлгийн тусламжийг авах хэрэгтэй бөгөөд бариачид бариулснаар хүндрэл өгч гар, хөлгүй болох, тайрах магадлал өндөр байдаг талаар эмч зөвлөж байна.

Хүүхдийн аюулгүй байдлыг хангах “Бяцхан зорчигч”

Тээврийн цагдаагийн албаны нээлттэй өдөрлөг Д.Сүхбаатарын талбайд энэ сарын 22-нд болсон. Энэ өдөр Монгол Улсад замын хөдөлгөөний дүрмийг анх 1925 онд баталсан бөгөөд өдөрлөгөөр замын хөдөлгөөнд хүүхдүүдийн аюулгүй байдлыг хамгаалах “Бяцхан зорчигч” аяныг нээсэн юм. Энэ үеэр Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажлын албаны дарга Л.Нямгэрэл “Өнгөрсөн оны судалгаагаар нийт бэртсэн хүүхдийн 50 хувь нь тээврийн хэрэгслээр эцэг эх, асран хамгаалагчтайгаа зорчиж байхдаа, үлдсэн хувь нь хараа хяналтгүй замын хөдөлгөөнд оролцохдоо осолд өртөж байгаа нь гарсан. Тиймээс бага насны хүүхдийг хараа хяналтгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх, нөгөө талаар авто тээврийн хэрэгсэлд хүүхдээ зөв тээвэрлэх, зориулалтын суудалд суулгах, бүс зүүлгэж хэвшүүлэх, замын хөдөлгөөнд оролцох соёлыг багаас нь төлөвшүүлэх хэрэгтэй байна. Үүнд эцэг эхчүүд хүүхдэдээ зөв тусгал нь болоосой гэсэн зорилгоор энэ аяныг эхлүүлж байна” хэмээн ярьж байсан юм.

Зураг