Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/05/29-НД НИЙТЛЭГДСЭН

Хөвсгөл нуурын болон Онон-Балжийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зориулалттай 38 сая долларын зээлийг АХБ баталлаа

ikon.mn
2019 оны 5 сарын 29
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Хөвсгөл нуурын болон Онон-Балжийн байгалийн цогцолбор газруудад эко аялал жуулчлалыг хөгжүүлэн, эдийн засгийн хүртээмжтэй хөгжил, байгаль хамгааллын загвар болгох зорилгоор 38 сая ам.долларын зээлийн санхүүжилтийг Азийн хөгжлийн банк (АХБ) өнөөдөр баталлаа. 

Дархан цаазтай газрын удирдлага, аялал жуулчлалын чиглэлээр АХБ-наас Монгол Улсад олгож буй анхны санхүүжилт болох уг зээлийн төслийн үр шимийг орон нутгийн 11,000 иргэн хүртэх бөгөөд байгаль хамгаалал, уур амьсгалын өөрчлөлттэй дасан зохицох болон нөлөөллийг бууруулах чиглэлээр орон нутгаас авч хэрэгжүүлж буй үйл ажиллагааг төслийн хүрээнд илүү сайжруулах юм.

Хөвсгөл нуурын байгалийн цогцолбор газарт орших Хөвсгөл нуур нь Монгол орны хамгийн том цэнгэг усны нөөцтэй нуур юм. Харин Онон-Балжийн байгалийн цогцолбор газар нь Монголын түүхэн удирдагч болох Чингис хааны төрсөн нутаг билээ.

“Аялал жуулчлал нь дэлхийн эдийн засгийн хурдацтай хөгжиж буй томоохон салбар юм. Монгол Улс гайхам сайхан байгаль, өвөрмөц өв соёлоороо дамжуулан энэхүү салбараас орлого олох бүрэн боломжтой. Энэ ч утгаараа, АХБ-ны дэмжлэг нь Монгол орны аялал жуулчлалын салбарын хөгжлөөс нутгийн иргэд хүртэх, эмзэг онгон байгалиа урт хугацааны туршид хамгаалахад тус дөхөм болох болно” хэмээн АХБ-ны Зүүн Азийн газрын Байгаль орчны ахлах мэргэжилтэн Марк Бизайн тэмдэглэлээ.  

2017 онд аялал жуулчлалын салбар улсын төсөвт 1.2 тэрбум ам.долларын орлого оруулан, 121,500 ажлын байрыг бий болгож, Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 11.4 хувийг бүрдүүлсэн байна. Монгол Улсын Засгийн газраас эдийн засгийг төрөлжүүлэх зорилгоор нэн тэргүүнд аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэхэд анхаарч буй. 2028 он гэхэд аялал жуулчлалын салбар улсын төсөвт 2.1 тэрбум ам.долларын орлого оруулан, 149,000 ажлын байрыг бий болгож, Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 11 хувийг бүрдүүлнэ хэмээн таамаглаж байна. Мөн гадаадын жуулчдын тоо хоёр дахин нэмэгдэж 1 саяд хүрэх хүлээлттэй байгаа юм.

 

 

Эх сурвалж: АХБ