Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/05/29-НД НИЙТЛЭГДСЭН

Дэлхийн банк: Монгол Улсын агробизнесийн бүтээгдэхүүний эзлэх хувь дэлхийн зах зээлд бага хэвээр байна

Б.Даваабазар, iKon.mn
2019 оны 5 сарын 29
iKon.MN
Зураг зураг

БНХАУ ба ОХУ-ыг холбох гол сүлжээ болох Монголын эдийн засгийн төв коридор (ЭЗК) нь Монголын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг дэлхийн зах зээлд хүргэж, уул уурхайн бус бараа бүтээгдэхүүний экспортыг төрөлжүүлэх таатай боломжийг олгож байна. Гэвч энэ боломжийг бүрэн ашиглаж чадахгүй байгааг Дэлхийн банкны судалгаа харуулж байна.

Дэлхийн банкнаас Монголын эдийн засгийн талаар шинэ тайлангаа гаргажээ. Уг тайланд эдийн засгийн төв коридорын ашиглалт бага, хөгжил сул хэвээр байгааг онцлов. 

Монгол Улсын эдийн засгийн төв коридорын үнэлгээ: Ноос ноолуур, мах, арьсан эдлэл үйлдвэрлэлийн нэмүү өртгийн сүлжээний шинжилгээ тайлан нь хөдөө аж ахуйн гол гурван салбарыг шинжлэх замаар эдийн засгийн төв коридорын гүйцэтгэлийн дутагдлыг шинжлэхэд чиглэж байна. Тус тайланд эдгээр салбарт тулгарч буй сорилтуудыг оношилж, эдийн засгийн төв коридорын нөөцийг бүрэн ашиглах боломжийг нэмэгдүүлэх, эдгээр боломжийг ашиглахад шаардлагатай бодлогын зөвлөмжийг хуваалцжээ.

Дэлхийн Банкны Хятад, Солонгос, Монгол Улсыг хариуцсан захирал Ноён Мартин Райзер “Монгол Улсын худалдааны өрсөлдөх чадварыг дээшлүүлж, экспортыг төрөлжүүлэхэд Эдийн засгийн төв коридорын потенциалыг бүрэн ашиглах нь чухал. Энэхүү тайлан нь Эдийн засгийн төв коридорын үр өгөөжийг хэрхэн сайжруулах, хөдөө аж ахуйн нийлүүлэлтийн сүлжээг хэрхэн бэхжүүлэх талаар Монгол Улсын эрх баригчдад чухал мэдээлэл өгнө гэдэгт найдаж байна” гэв.

Түүнчлэн өнгөрсөн 10 жилийн хугацаанд Монгол Улсад уул уурхай, түүхий эдийн экспортын үзүүлэлт эерэг байсан. Гэсэн хэдий ч дэлхийн зах зээлд Монгол Улсын агробизнесийн бүтээгдэхүүний эзлэх хувь бага хэвээр байна. Тайланд багтсан дүн шинжилгээгэр Монгол Улсын харьцангуй давуу талыг эдийн засгийн коридор, ялангуяа эдийн засгийн төв коридортой холбоотой сул талууд ихээхэн хойш нь чангааж байгааг харуулжээ. 

Дэлхийн Банкны ахлах эдийн засагч, тайлангийн хамтран зохиогч Марчин Пиатковски “Эдийн засгийн төв коридор сул хөгжсөний дээр ашиглалт бага байгаа нь тээврийн зардлыг нэмэгдүүлж, экспортын зах зээлд нийлүүлэх бараа бүтээгдэхүүний төрөл зүйл, хэмжээг хязгаарлаж байна. Эдийн засгийн төв коридороор илүү их бараа бүтээгдэхүүн экспортолж чаддаг болсон цагт л өгөөж нэмэгдэж, улмаар экспортын чанар сайжирч, Монгол Улсын хөгжилд саад болж буй сөрөг нөлөөллийг зогсооно” гэв.

Ийнхүү тулгарч буй сорилт бэрхшээлийг шийдвэрлэхийн тулд эдийн засгийн төв коридорын үйл ажиллагааг сайжруулахад чиглэсэн ерөнхий бодлогын шинэчлэлийн багц зөвлөмжийг тус тайланд тодорхойлжээ.

Харин богино хугацааны зөвлөмжүүд нь хилийн боомтуудын бүх байгууллага, агентлагуудын үйл ажиллагааг боловсронгуй болгох, зохицуулах, гадаад зах зээлд нэвтрэх боломжийг хөнгөвчлөх худалдааны хэлэлцээрүүдийг дэмжих, Улаанбаатар хот орчимд хөдөө аж ахуйн шинэ кластер бий болгох, худалдаа, гаалийн хяналт, хүнсний аюулгүй байдлын талаар ОХУ болон Хятад улстай одоо хүчин төгөлдөр байгаа хэлэлцээрүүдийг хэрэгжүүлэх зэргийг багтаажээ.

Мөн Дунд хугацааны бодлогын шийдлүүд нь Эдийн засгийн төв коридорын дагуу төмөр замын хүчин чадлыг нэмэгдүүлэх, олон улсын стандартыг бүрэн дагаж мөрдөх, Дэлхийн худалдааны байгууллагын Худалдааг хөнгөвчлөх гэрээг бүрэн хэрэгжүүлэх шаардлагатай байгааг онцлон тэмдэглэсэн байна.

Ингэхдээ ноос, ноолуур, мах, арьс ширний бүтээгдэхүүн гэсэн сонгосон гурван салбарт богино хугацааны дараах гол бодлогын зөвлөмжүүдийг хэрэгжүүлэхийг тайланд тусгажээ.

  • Түүхий эд бүтээгдэхүүний орцыг цуглуулах, нэгтгэх, анхан шатны боловсруулалт хийх явдлыг сайжруулах.
  • Үйлдвэрлэгчид болон нийлүүлэгчдийн хооронд мэдээллийн солилцоог нэмэгдүүлэх.
  • Нийлүүлэлтийн сүлжээнд логистикийн болон чанарын хяналтын үйл ажиллагаанд үйлдвэрлэгчдийн оролцоог нэмэгдүүлэх.

Дунд хугацааны зөвлөмжүүд нь:

  • Малчдын дунд хоршооллыг бий болгоход чиглүүлж, дэмжлэг үзүүлэх.
  • Хөрш зэргэлдээ орнуудын хилийн боомтууд дахь мал эмнэлгийн хяналт шалгалтыг харилцан хүлээн зөвшөөрөх.
  • Байгаль орчны бохирдолгүй, хог хаягдалгүй үйлдвэрлэлийн стандарт хэрэгжүүлэх санал санаачилга гаргахыг үйлдвэрлэгчдэд уриалах, тэднийг дэмжих гэжээ.

 

Эх сурвалж: Дэлхийн банк