Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/05/29-НД НИЙТЛЭГДСЭН

Тэтгэмжээ зогсоолгоод зогсохгүй өрөнд орсон ЭЭЖҮҮД УЙЛЖ БАЙНА

Г.Номин, iKon.mn
2019 оны 5 сарын 29
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Хүүхдийнх нь тэжээгчээ алдсаны тэтгэмжийг үндэслэлгүйгээр зогсоосныг эсэргүүцэж ээжүүд хуульчдын хамт мэдээлэл хийлээ.

2019 оны тавдугаар сарын 3-ны өдөр Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газрын улсын байцаагчийн "Асаргааны тэтгэмж зогсоох тухай" албан шаардлага гарчээ. Уг албан шаардлагыг үндэслэн нийслэл Улаанбаатар хотын хэмжээнд 400 гаруй ээжид олгогдож байсан 2,700 орчим хүүхдийн тэтгэмжийг зогсоосон байна.

Түүнчлэн хуурамч бичиг баримт үйлдэн тэтгэмж авсан хэмээн үзэж байгаа тул өнгөрсөн хугацаанд авсан тэтгэмжээ буцаан төлөхийг шаардаж байгаа гэнэ.

"Нас барсан хүнийг хүүхдийн биологийн эцэг мөн гэдгийг батлаад тэтгэмжээ ав гэсэн"

Энэ талаар ээжүүд "Гурван тохиолдолд тэтгэмжийг зогсоох тухай заасан байна лээ. Эхнийх нь хүүхдүүдийнхээ эцэгтэй гэрлэлтээ батлуулаагүй байсан, хоёрдугаарт гэрлэлтээ батлуулсан хэдий ч хүүхдээ ээжээр нь овоглосон, гуравдугаарт жирэмсэн байхад нь нөхөр нь нас барсан бол хүүхдэд олгогддог тэжээгчээ алдсаны тэтгэмжийг зогсоох тухай заасан байгаа.

Бид нөхрөө нас барсны дараа тэжээгчээ алдсаны тэтгэмж тогтоолгох гэж шүүхэд хандсан. Шүүх нөхрийн хамаатан болон бусад гэрч болох хүмүүсийн мэдүүлгийг үндэслэн нас барсан хүн хүүхдүүдийн аав, тухайн эмэгтэйн хамтран амьдрагч байсан гэдгийг тогтоон шийдвэрээ гаргадаг. Ингээд шүүхийн шийдвэрийг үндэслэн бид тэжээгчээ алдсаны тэтгэмж авч ирсэн.

Гэтэл одоо нас барсан хүнийг хүүхдийн биологийн эцэг мөн болохыг Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгээр тогтоолгож ирээд тэтгэмжээ ав гэж байна. Нас барсан хүнээс яаж дээж авч шинжилгээ хийх юм бэ. Нөхөр нь нас барсны дараа задлан шинжилгээ хийлгэсэн цөөн хэдэн тохиолдолд шүүх эмнэлгийн архивт шинжилгээ хийлгэх дээж хадгалагдан үлдсэн байх боломжтой гэсний дагуу зарим ээж шүүх эмнэлэгт хандсан. Гэтэл шинжилгээ хийх дээж байхгүй гэсэн хариу ирсэн.

Шүүх эмнэлэг шүүхийн шийдвэрээр эцэг тогтоох шинжилгээ хийдэг. Тэр шийдвэрийг гаргуулахын тулд 70,200 төгрөг, шүүх эмнэлэгт шинжилгээний төлбөр 100 гаруй мянган төгрөг төлөх болсон. Хань нөхрөө алдсан, нэгээс таван хагас өнчин хүүхэд өсгөж байгаа ээжүүдэд энэ бол их мөнгө. Гурван ихэр хүүхэдтэй үлдсэн ээж ажил хийх боломжгүй хүүхдүүдээ тэтгэмжийн мөнгөөр өсгөж байгаа. Ийм хүнд нөхцөлд байгаа нийгмийн хамгийн эмзэг хэсгийнхээ цөөн хэдэн ээжийн тэтгэмжийг хасаж байгаад харамсаж байна.

Хүүхдийн баяр болох гэж байхад бэлэг битгий хэл хоногийн хоолгүй болсон ээжүүд бид нүдэндээ нулимастай энд цуглалаа" хэмээсэн юм.

"Хамааралгүй хоёр заалтыг үндэслэсэн "Асаргааны тэтгэмж зогсоох тухай" албан шаардлага гаргасан байна"

Ээжүүдэд "Цэцэн хуульч консалтинг" нөхөрлөлийн хуульчид нийгмийн хариуцлагынхаа хүрээнд зөвлөгөө, мэдээлэл өгч байгаа ажээ.

Тэд "ХХҮЕГ-ын улсын байцаагчийн "Асаргааны тэтгэмж зогсоох тухай" албан шаардлагыг Гэр бүлийн тухай хуулийн 23.2, Халамжийн тухай хуулийн 31 гэх хамааралгүй хоёр заалтыг үндэслэсэн гаргасан байна.

Хүүхдийн аав эсвэл ээж амьд бөгөөд хүүхдээ өсгөж байгаа нь нөгөөгөөсөө хүүхдийн тэтгэмж авах гэж байгаа тохиолдолд заавал эцэг/эх/ тогтоох шинжилгээ хийдэг. Үүнийг Гэр бүлийн тухай хуулийн 23.2 дахь заалтаар зохицуулдаг.

Халамжийн тухай хуулийн 31 дэх заалтаар албан тушаалтанд хариуцлага тооцох талаар заасан байдаг. Уг заалт эдгээр ээжүүдэд огт хамаагүй. Харин хуурамч бичиг баримт бүрдүүлж тэтгэмж авсан тохиолдолд дутуу хянаж хариуцлага алдсан албан тушаалтнуудад хамаатай заалт" гэдгийг хуульчид тайлбарлаа.

Хуульч Г.Золзаяа "Эдгээр ээжүүдийг хуурамч бичиг баримт үйлдэн тэтгэмж авч байсан гэх шалтгаанаар тэтгэмжийг зогсоосон байна. Нөхрөө, хамтран амьдрагчаа нас барсны дараа шүүхээр тухайн хүн энэ гэр бүлийн тэжээгч байсан гэдгийг тогтоолгоод тэтгэмж авч байсан гэсэн үг.

Гэр бүлийн тухай хуульд гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд гэрлэлтээ бүрдүүлсэн хүмүүсийн дундаас төрсөн хүүхэдтэй нэгэн адил эрх эдэлнэ хэмээн заасан байдаг. Энэ хуультай зөрчилсөн эрх зүйн акт гаргасан байгаа учраас үүнийгээ эргэж хараач ээ гэж байгаа юм.

Эмзэг бүлгийн ээжүүдийн тэтгэмжийг зогсоогоод амьжиргааных нь эх үүсвэрийг тасалчихаад байна. 10 жил тэтгэмж авсан ээжээс эргээд авсан тэтгэмжээ төлөхийг шаардаж байна. Тэгэхээр тэтгэмж олгох үндэслэл болсон Шүүхийн шийдвэрийг хуурамч гэж үзэж байгаа юм уу. Энэ асуудлыг ХНХ-ын сайд эрх хэмжээнийхээ хүрээнд шийдэх эрхтэй" хэмээн ярив.

Хуульчдын зүгээс ээжүүдтэй хамтран өнгөрсөн хугацаанд Ерөнхий сайд У.Хүрэлсүх, ХНХ-ын сайд С.Чинзориг, ХХҮЕГ-ын дарга Нямдаваа, Нийслэлийн нийгмийн халамжийн газарт хандаж өргөдөл гомдол явуулжээ. Ингэхэд ганцхан Нийслэлийн нийгмийн халамжийн газраас "Бидний харьяалан шийдэх асуудал биш тул ХНХЯ-нд хандаж асуудлаа шийдүүлнэ үү" гэсэн хариу иржээ.

Амжиргааны гол эх үүсвэрээ алдаад буй ээжүүд болон хуульчид хууль зүйн үндэсгүй "Асаргааны тэтгэмж зогсоох тухай" албан шаардлагаа эргэн харахыг мөн Монголын эмэгтэйчүүдийн холбоо, Хүүхдийн эрхийг хамгаалдаг байгууллагуудыг өөрсдийнх нь асуудалд анхаарлаа хандуулахыг хүслээ.