Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/05/29-НД НИЙТЛЭГДСЭН

Гүржийн ерөнхийлөгч асан Саакашвили Украины иргэншлээ буцааж авлаа

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 5 сарын 29
iKon.MN
Зураг зураг

Украины шинэ ерөнхийлөгч Володимир Зеленский тус улсын иргэн байсан Гүржийн экс ерөнхийлөгч Михайл Саакашвилигийн иргэншлийг буцаан сэргээжээ.

Өчигдөр Саакашвили өөрийн фэйсбүүк хуудсанд “Ерөнхийлөгч Зеленскийд баярлалаа! Украины алдар бадраг!” гэж бичээд иргэншлийг нь сэргээсэн ерөнхийлөгчийн зарлигийг хавсаргасан байна.

Тэр өнөөдөр буюу Лхагва гарагт Украинд буцаж ирэхээр болжээ.

Саакашвили 2004-өөс 2007 онд Гүржийн ерөнхийлөгчөөр анх ажиллаж, дараа нь 2008-аас 2013 онд дахин сонгогдож ажилласан юм. Өөртэй нь холбоотой авлига авч, өмч хөрөнгө шамшигдуулсан, иргэдийн эсэргүүцлийг нухчин дарсан хэргүүдийг Гүржийн эрх баригчид шалгаж эхэлсний дараа Саакашвили 2015 онд иргэншлээ сольж, Украины паспорт өвөртөлсөн байна.

Эхэндээ тэр тухайн үеийн Украины ерөнхийлөгч Петро Порошенкогийн холбоотон болж, Одесс мужийн захирагчаар томилогдон ажиллаж байв. Гэвч сүүлд Порошенкотой зөрчилдсөний улмаас 2017 онд иргэншлээ хураалгаж, 2021 он хүртэл Украинд нэвтрэх эрхгүй болсон юм.

Польшийн нутгаас Украины хилээр дэмжигчдийнхээ тулсамжтай хүч түрэн орж ирсэн Саакашвилиг 2018 оны хоёрдугаар сард баривчилж, албадан гаргаж байжээ.

 

Эх сурвалж: Russia Today