Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/05/29-НД НИЙТЛЭГДСЭН

Амазоны боссын салсан эхнэр хөрөнгийнхөө талыг буяны үйлсэд хандивлахаар болжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 5 сарын 29
iKon.MN
Зураг зураг

Энэ оны дөрөвдүгээр сарын 4-ний өдөр дэлхийн хамгийн баян хүн, Амазон компанийн гүйцэтгэх захирал Жэф Безос эхнэрээсээ салахдаа хөрөнгөө хэрхэн хуваах болсныг зарлаж байсан юм.

Тохиролцоо ёсоор түүний эхнэр Маккензи Безос нь Амазон компанийн 4 хувийг эзэмшихээр болсон. Энэ нь өнөөдрийн ханшаар $36 тэрбум орчмын хөрөнгө юм.

Хөрөнгөө хуваасан ч Жэф Безос дэлхийн тэргүүн баян хэвээр үлдсэн.

Харин нөхрөөсөө тасдаж авсан хөрөнгөөрөө Маккензи Безос дэлхийн гурав дахь баян эмэгтэй болсон юм.

Тэгвэл тэрбумтан хатагтай өчигдөр хөрөнгийнхөө талыг буяны үйлсэд хандивлах шийдвэр гаргажээ. Тэрээр Билл Гэйтс, Уоррен Бафет нарын тэрбумтнуудын 2010 онд үүсгэсэн “Giving Pledge” (Өгөх амлалт) хөдөлгөөнд өчигдөр шинээр нэгдсэн 19 хүний нэг болсон байна.

Уг хөдөлгөөнд нэгдсэн тэрбумтнууд амьдралынхаа турш хураасан хөрөнгийнхөө хамгийн багадаа тал хувийг хүн төрөлхтний сайн сайхны төлөө зарцуулах амлалт өгдөг юм.

Одоогоор “Giving Pledge” хөдөлгөөнд дэлхийн 23 улсын янз бүрийн салбарын 204 баян нэгдээд байгаа. Энэ оны байдлаар $131 тэрбумын хөрөнгөтэй болоод байгаа Жэф Безос уг хөдөлгөөнд одоогоор нэгдээгүй байна.

Безосоос гадна Форбсын тэрбумтнуудын жагсаалтын топ 10-т багтдаг хүмүүсээс “Giving Pledge” хөдөлгөөнд нэгдээгүй байгаа тэрбумтнууд нь Францын LVMH группын тэргүүн Бернард Арно, Мексикийн харилцаа холбооны тэрбумтан Карлос Слим, Зара брэндийг үндэслэгч Испанийн Амансио Ортега, Гүүглийн үүсгэн байгуулагчдын нэг Ларри Пэйж нар байгаа юм.

 “Giving Pledge” хөдөлгөөнд нэгдсэнээр ямар нэг гэрээ байгуулдаггүй, зөвхөн ухамсрын үүднээс амлалт өгдөг ажээ.

 

Эх сурвалж: Reuters