Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/05/28-НД НИЙТЛЭГДСЭН

"Монгол хүүхдүүд" өдөрлөг Д.Сүхбаатарын талбайд болно

ikon.mn
2019 оны 5 сарын 28
iKon.MN

Хүүхдийн сайн сайхны төлөө дэлхийн чуулга уулзалт 1925 онд Швейцарын Женев хотноо болж, жил бүрийн 6 дугаар сарын 1-нийг дэлхий нийтээрээ “Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр” болгох уриалга гаргасан. Улмаар 1951 онд Олон улсын ардчилсан эмэгтэйчүүдийн холбооноос хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг улс орон бүр тэмдэглэж, хүүхэд багачуудаа баярлуулж байхаар шийдвэрлэсэн бөгөөд Монгол Улс 1952 оноос “Хүүхдийн баяр”-ыг тэмдэглэж ирсэн түүхтэй. 

Энэ жил манай улс "Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр"-ийг 67 дахь жилдээ тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна. 6 дугаар сарын 1-ний өдрийг угтаж  олон үйл ажиллагаанууд зохион байгуулагдах юм. 

Нийслэлийн хэвлэл мэдээллийн төвд Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн нэгдсэн арга хэмжээний тухай болон “ХҮҮХДЭЭ СОНСОХ ӨДӨР”-өөр “Хүүхэд бидний аюулгүй орчин” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулах талаар нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, нийслэлийн Соёл урлагийн газрын удирдлагууд, НМХГ, НОБГ, НЭМГ, НЦГ, ТЦА, Нийслэлийн Хүүхдийн холбооны төлөөллүүд өнөөдөр мэдээлэл хийлээ. 

Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Мандуул: 

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг угтаж, олон арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөж байна. Тухайлбал хүүхдийн оролцох эрхийг хангах, хүүхэд өөрийн эрх ашигт нөлөөлж байгаа аливаа асуудлаар шийдвэр гаргах үйл явцад сайн дурын үндсэн дээр оролцох бололцоог бий болгохын тулд Нийслэлийн Хүүхдийн төлөө зөвлөлийн 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 03 тоот тогтоолоор жил бүрийн 5 дугаар сарын сүүлийн 7 хоногийн Лхагва гарагийг нийслэлийн “Хүүхдээ сонсох өдөр” болгон тэмдэглэж байхаар шийдвэрлэсэн. Энэ жил нийслэлийн “ХҮҮХДЭЭ СОНСОХ ӨДӨР”-өөр “Хүүхэд бидний аюулгүй орчин” сэдэвт хэлэлцүүлэг болно. Энэхүү арга хэмжээг угтан нийслэлийн 9 дүүрэгт хүүхдийн чуулган зохион байгуулсан бөгөөд чуулганаар дэвшүүлсэн саналуудыг шийдвэр гаргагчдад хүргэх, хүүхдүүд эвлэлдэн нэгдэж, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, өөрийн эрх ашигт нөлөөлж байгаа аливаа асуудлаар эцэг эх, шийдвэр гаргах түвшний хүмүүст дуу хоолойгоо хүргэх зорилготой юм. 

Мөн хамгааллын үйлчилгээ болон зорилтот бүлгийн хүүхэд, эрсдэлт нөхцөлд байгаа, сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад хүмүүжиж буй хүүхдүүдэд бэлэг гардуулах арга хэмжээ, хүүхэд хамгаалал, аюулгүй байдал, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх асуудлаар Нийслэлийн Засаг даргын тэргүүлдэг Нийслэлийн Хүүхдийн төлөө зөвлөлийг хуралдуулах, хүүхдийн эрх, хүүхэд хамгааллын тухай хууль тогтоомж, бодлого хөтөлбөрийн хэрэгжилт, хүүхдийн, оролцоо болон эерэг мэдээ мэдээллийг түгээх “ХАЙРЫН ГАР” богино хэмжээний видео сурталчилгааны бүтээл шалгаруулах уралдаан зарлах зэрэг олон үйл ажиллагааг зохион байгуулна. 

Энэ жилийг “Хариуцлагатай аав, ээж”  буюу эцэг, эхийн үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх жил болгон зарлаж бодлого, үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллаж байна. 

Эцэг, эхчүүд үүрэг хариуцлагаа сайжруулсан цагт хүүхдийн хөгжил, хамгааллын асуудалд дорвитой өөрчлөлт гарах юм. Бид бүгд хүүхдийн баяраар хүүхдүүдээ баярлуулахаар бэлэг авч өгдөг. Та бүхний авч өгч байгаа бэлэг хүүхдийн эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй, хор биш хоол болох, хүүхдийн хөгжлийг дэмжсэн бүтээгдэхүүнүүдтэй байгаасай хэмээн уриалж байна.

Зургадугаар сарын 1-нд Сүхбаатарын талбайд зохион байгуулах баярын нэгдсэн  арга хэмжээг “Монгол хүүхдүүд” сэдвийн хүрээнд бэлтгэж байгаа бөгөөд Хүүхэлдэйн театрын найруулагч Алтантуяагийн удирдлагад 1,500 орчим хүүхэд багачууд, мэргэжлийн уран бүтээлчид бэлтгэлээ базааж буйг нийслэлийн Соёл урлагийн газрын дарга Ж.Дамдинцэрэн хэллээ.

Өнгөрсөн жилийн Хүүхдийн баяраар 60 гаруй хүүхэд гэр бүлийнхнээсээ төөрч, багагүй эрэл сурал болсон тул энэ удаад эцэг, эхчүүд хүүхэд багачууддаа тавих хараа хяналтаа илүү сайжруулж, аюулгүй байдлыг сайтар хангахыг нийслэлийн Цагдаагийн газрынхан анхааруулав. “Ялангуяа энэ зургаадугаар сарын 1-ний өдөр агаарын хэм 22 градус байх тул эцэг, эхчүүд гол ус руу салхинд гарахаар болбол хүүхэд багачууддаа байнгын хараа хяналт тавьж, усанд осолдохоос сэргийлээрэй” хэмээн нийслэлийн Онцгой байдлын газраас онцгойлон сэрэмжүүллээ.

Түүнчлэн Тээврийн цагдаагийн албаныхан Зургаадугаар сарын 1-ний баярыг автомашингүй өдөр болгон тэмдэглэж, нийтийн тээврээр үйлчлүүлэх, эсвэл дугуй унах зэргээр жинхэнэ утгаар нь гэр бүлийн баяр болгож өнгөрүүлэхийг уриалсан юм. Зайлшгүй тээврийн хэрэгслээ унах шаардлагатай бол 0-10 хүртэлх насны багачуудаа зориулалтын суудалд суулгах, хурдаа ердийн үеийнхээс 10-20 км/цагаар бууруулж, хүүхэд багачуудаа зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэхийг анхааруулав.

Тэгвэл нийслэлийн Эрүүл мэндийн газраас Хүүхдийн баяраар Сүхбаатарын талбай болон Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Үндэсний соёл амралтын хүрээлэн зэрэг томоохон газруудад эмнэлгийн яаралтай тусламжийн баг ажиллуулах юм байна.

Харин нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрынхан Хүүхдийн баяраар хүн олноор цугласан газруудад худалдаа, үйлчилгээ эрхлэх газруудад хяналт шалгалт хийх, хүнсний бүтээгдэхүүний чанар, тоглоомуудын аюулгүй байдлыг хангах ажлыг есөн дүүрэгт эхлүүлсэн гэдгээ энэ үеэр мэдэгдлээ.     

Хугацаа

Үйл ажиллагаа

Хэзээ

Тайлбар

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг угтан зохион байгуулах үйл ажиллагаа

1

2019.05.29

Хүүхдээ сонсох өдрийн хэлэлцүүлэг

12:30-14:30

“Пума империал” зочид буудлын хурлын танхимд Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 45 төлөөлөгч, Нийслэлийн Засаг даргын орлогч нар, Дүүргүүдийн Засаг даргын орлогч нар, Нийслэл дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар хэлтсийн удирдлагууд болон холбогдох албаны удирдлагууд, Нийслэлийн хүүхдийн 9 элч, эцэг эхийн төлөөлөл, 45 хүүхдийн төлөөлөл оролцох бөгөөд хүүхдийн өмнө тулгамдаж буй асуудлаар тэдний дуу хоолойг сонсож, тодорхой шийдвэрүүдийг гаргана

2

2019.05.30

Нийслэлийн Хүүхдийн төлөө зөвлөлийн хурал

11:00-13:00

Нийслэлийн Засаг даргын тэргүүлдэг Нийслэлийн хүүхдийн төлөө зөвлөлийн хурал Хангарди ордны 14 давхрын хурлын танхимд зохион байгуулагдаж, Хүүхдийн эрүүл мэнд, хамгаалал, хүүхдийн аюулгүй байдал, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхэд хэрхэн ажиллаж байгаа талаар мэргэжлийн байгууллагуудын мэдээллийг сонсож, цаашид хэрэгжүүлэх ажлуудад зөвлөмж чиглэл хүргүүлнэ.

3

2019 оны 05 сарын 29-31

Зорилтод бүлгийн хүүхдүүдийг баярлуулах арга хэмжээ

-

Хамгааллын үйлчилгээ болон зорилтот бүлгийн хүүхэд, эрсдэлт нөхцөлд байгаа хүүхэд, сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад хүмүүжиж буй хүүхдүүдэд бэлэг гардуулах арга хэмжээ зохион байгуулна

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр зохион байгуулах үйл ажиллагаа

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

06-р сарын 01-нд 11:00-17:00 цагийн хооронд “МОНГОЛ ХҮҮХДҮҮД” баярын арга хэмжээг Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулна.

 

 

Эх сурвалж: Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар