Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/05/28-НД НИЙТЛЭГДСЭН

Олон эмэгтэй ЭМЯ-ны гадаа үсээ хусаж эсэргүүцлээ илэрхийлэхэд бэлэн байна гэв

С.Бадрал, iKon.mn
2019 оны 5 сарын 28
iKon.MN
 
Гэрэл зургийг mpa.mn

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлийг огцрохыг шаардан ЭМЯ-ны гадаа хоёр удаа жагсаал зохион байгуулаад буй АН-ынхан өнөөдөр дахин мэдээлэл хийлээ.

Хэвлэлийн бага хурлын эхэнд АН-ын Эрүүл мэндийн бодлогын зөвлөлийн дарга Ж.Амарсанаа "Өнөөдөр эрүүл мэндийн салбарт ноцтой нөхцөл байдал үүслээ. Засгийн газрын мөрийн хөтөлбөрт эрүүл мэндийн салбарт хэрэгжүүлэх 22 ажил тусгагдсан. Гэтэл тэр 22 ажлын 17 нь шаардлага хангахгүй нөхцөлд байна.

Сүрьеэгийн дэгдэлт хяналтаас гарч, ард түмнийг айдаст автуулаад байна. Энэ асуудал дээр салбарын яам дорвитой ажил хийхгүй байгаа. Зөвхөн дэгдэлт гарсан сургуулиуд дээр арга хэмжээ авах биш аян зохион байгуулж сургуулийн насны бүх хүүхдийг шинжилгээнд хамруулан, далд сүрьеэг ил болгох хэрэгтэй байна" хэмээв.

"15 дугаар сургуулийн сурагч, багш нар сэтгэл зүйн дарамтад ороод байна"

ЭМ-ийн сайдыг огцрохыг шаардаж байгаа АН-ын гишүүдтэй 15 дугаар сургуулийн сурагчдын зарим эцэг эх, Төв аймгийн Сүмбэр сумын иргэд мөн нэгджээ.

 
Гэрэл зургийг mpa.mn

15 дугаар сургуулийн Эцэг эхийн зөвлөлийн дарга н.Батбилэг "15 дугаар сургуулийн сурагч, багш нар сэтгэл зүйн дарамтад ороод байна. Сүрьеэ эдгэдэг өвчин. Гэтэл нийгмийн зүгээс хүүхдүүдийг шоолох, гадуурхах хандлага гарч байгаа. ХӨСҮТ-ийн эмч нар 15 дугаар сургууль дээр маш сайн ажилласан.

Түүнчлэн зөвхөн 15 дугаар сургууль гэлтгүй орон нутагт болон бусад сургууль дээр халдвар гарчихсан байна. Үүнийг нь Д.Сарангэрэл сайд хүлээн зөвшөөрөхгүй байгаад байх юм. Халдварын нөхцөл байдлыг улсын хэмжээнд бодитоор тогтоож эмчилгээ, үйлчилгээг яаралтай эхлүүлэх хэрэгтэй байна. Энэ ажлаа хийхгүй байгаа Д.Сарангэрэл сайд багаараа огцрох ёстой" гэлээ.

 
Гэрэл зургийг mpa.mn

Жагсаал зохион байгуулагчдын зүгээс "Мэргэжлийн Засгийн газар байгуулна гэж амласан учраас ард түмэн итгэл хүлээлгэж 65 суудал өгсөн. Гэтэл гарангуутаа энэ амлалтаасаа буцсаны хар гайгаар өнөөдөр ийм өвчлөл гарлаа. Энэ өвчнийг эдгээхийн тулд мэргжлийн хүн ЭМЯ-ыг удирдах ёстой. Зургаадугаар сарын 1-н гэхэд Д.Сарангэрэл сайд огцрохгүй бол бид тэмцлийн хурц хэлбэрт шилжинэ. Олон эмэгтэй ЭМЯ-ны гадаа үсээ хусаж эсэргүүцлээ илэрхийлэхэд бэлэн байна" хэмээв.