Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/05/28-НД НИЙТЛЭГДСЭН

“Эрдэнэт үйлдвэр”-ийн цагаан тоосны голомтод амьдарч, эрүүл мэндээрээ хохирсон иргэд нөхөн олговор өгөхийг шаардлаа

Т.Саран, iKon.mn
2019 оны 5 сарын 28
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн хаягдлын гадаргаас хаврын хавсарганаар л босдог байсан цагаан тоос сүүлийн үед жилийн дөрвөн улирал салхинд хийсэх болжээ. Энэ нь цагаан тоосны голомтод амьдарч буй 12,000 хүн, цаашлаад Орхон аймгийн 100,000 гаруй иргэний эрүүл мэндэд хохирол учруулж байгаа тул “Эрдэнэт үйлдвэр”-т шаардах бичиг хүргүүлсэн талаараа “Цагаан тоосны хор хөнөөлөөс ирээдүйгээ аврах хөдөлгөөн”-ийнхөн өнөөдөр мэдээллээ. 

Тус үйлдвэр өөрсдөө судалгаа гаргаж, Орхон аймгийн Говил багийн 5,000, Баянцагаан буюу вокзал орчмын 1,000, Жаргалант сумын 6,000 гээд нийт 12,000 орчим хүнийг цагаан тоосны голомтод амьдарч буй хэмээн тогтоосон аж. Энэхүү тоосыг дарна хэмээн үйлдвэр, бизнесийнхэн, улстөрчид олон жил амлалт өгсөн ч иргэдийн дундах амьсгалын замын өвчлөл, астма, бронхит, уушгины шохойжилт, зүрх судасны өвчлөл түгээмэл болж, жил ирэх тусам нэмэгдэж, тэвчиж амьдрах аргагүй болсон тул өнгөрсөн тавдугаар сарын 1-нд шаардлага хүргүүлжээ. 

Шаардлагадаа дараах гурван зүйлийг тусгасан байна. Үүнд:

  1.  Цагаан тоосны голомтод амьдарч буй 12,000 иргэнийг нарийн шинжилгээнд бүрэн хамруулах бөгөөд улирал бүр үзэж, хянах;
  2.  “Эрдэнэт үйлдвэр” ажиллаж эхэлснээс хойших 40 жилийн хугацаанд гарсан хаягдлын шохойнд хордож, хохирсон иргэн бүрт гурван сая төгрөгийн нөхөн олговор олгох бөгөөд цаашид сар бүр 200,000 төгрөг олгох;
  3.  Цагаан тоосыг богино хугацаанд өндөр технологи ашиглах дарах ажлыг яаралтай зохион байгуулах, ингэхдээ иргэдийн төлөөллийг оролцуулж, хяналт тавих боломжийг бүрдүүлэх гэжээ. 
 
Гэрэл зургийг MPA.mn

Цагаан тоосны талаар хэлэлцүүлгийг БОАЖЯ зохион байгуулсан ч 1,000 хүнийг шинжилгээнд хамруулах үүрэг өгчээ. Гэвч үлдсэн 11,000 хүнийг эрх зөрчигдөж байгаа аж. Өмнө нь хүмүүсийг хэсэг хэсгээр нь шинжилгээнд хамруулдаг байсан ч хариуг нь хэлдэггүй, эмчлэлгүй орхидог тул бүх хүний эрүүл мэндэд анхаарах хэрэгтэй гэдгийг төмөр замд 30 жил ажилласан Ү.Эрдэнэбат хэлээд “Цагаан тоосыг дарах боломж байдаг гэдгийг бид харсан. Саяхан 40 сая долларын өрийг дарсан. Тэгвэл яагаад 100,000 хүний эрүүл мэндэд анхаарч, хөрөнгө гаргаж болохгүй гэж. 25-30 жил хордож амьдарсныхаа төлөө бид нөхөн төлбөр авах эрхтэй” гэлээ. Иргэд ийн ярьж байна.

 
Гэрэл зургийг MPA.mn

“Цагаан тоосны хор хөнөөлөөс ирээдүйгээ аврах хөдөлгөөн” зохицуулагч, Жаргалант сумын иргэн Х.Должинсүрэн:

Би цаг уур, байгаль орчин, түүний хүнд үзүүлэх нөлөөг судалж ирсэн мэргэжлийн хүн. Нас өндөр болсон ч “Эрдэнэт үйлдвэр”-ийн хор хөнөөлөөс болж хүмүүс яаж өвчилж, зовж байгааг дуугүй хараад сууж чадахгүй болсон учраас энэ хөдөлгөөнд нэгдсэн. Манай сумын иргэд төмс, хүнсний ногоо тариалж, мал аж ахуй эрхэлж амьдардаг. Гэвч бидний амьдралын үндэс, ундны усны эх болсон Хангалын гол цагаан тоосоор бохирдож, хүн, малтайгаа бид хохирч байна. Үүнээс болоод манай сумын төмс, ногоог ч иргэд авах дургүй болсон. Хангалын гол нь Орхон голд цутгаад Байгаль нуурт нийлдэг. Мэргэжлийн хүний хувьд үүнийг хараад эмзэглэдэг. Бидний Үндсэн хуулиар олгогдсон эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх ноцтой зөрчигдөж байна. 

Жаргалант сумын иргэд амьсгалын замын өвчлөлд өртөж, амьсгалын дутагдалд орж, зүрх судасны өвчин ихээр гарч байна. Иргэдийнхээ дунд судалгаа хийхэд хөгшин залуу, хүүхэд гэлтгүй ханиалга маш их, бүгдээрээ харшилтай, амьсгалын замын өвчлөл газар авсан байна. Сумаараа амьдрах аргагүй боллоо. 

 
Гэрэл зургийг MPA.mn

“Цагаан тоосны хор хөнөөлөөс ирээдүйгээ аврах хөдөлгөөн”-ий зохицуулагч Ү.Амарбат:

Манай хөдөлгөөн “Эрдэнэт үйлдвэр”-ийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулах, хэн нэгний нэр хүндэд халдах санаагүй, улс төрийн нам бүлэгтэй хамтраагүй. Иргэдийн хүсэл шаардлагыг л хүргүүлсэн. Хариу нь зургаадугаар сарын 1-нд гарах ёстой. Хэрэв бидний шаардлагыг хүлээж авахгүй бол бид дараагийн арга хэмжээнд орно. 

Нэгдүгээрт, цагаан тоосны байгаль орчин, хүний эрүүл мэндэд ямар сөрөг нөлөөтэй, ямар бүтэцтэй болохыг тогтоолгоно. Энэ чиглэлээр олон улсын байгаль орчны хэд хэдэн байгууллагад хандсан. 

Хоёрдугаарт, шүүхэд хандана. Учир нь бид албан шаардлагыг дэмжиж буй 3,000 хүний гарын үсгийг цуглуулсан. Эрүүл мэндээрээ хохирч байгаа гэдгээ илэрхийлж 200 хүн өргөдөл бичиж өгсөн. Тиймээс хохирлоо нөхүүлэхийн тулд хуулийн зөвлөгөө авч ажиллана. 

Нөхөн олговрын мөнгөн дүнг бид зохиогоогүй. “Эрэдэнэт үйлдвэр” хортой нөхцөлд ажиллуулж байгаа гэдэг үндэслэлээр ажилчдадаа өдөрт 6,300 төгрөгийн тараг, сүү гэх мэт хор тайлах бүтээгдэхүүн өгдөг. Энэ мөнгийг сараар нь тооцсон байгаа. 

 
Гэрэл зургийг MPA.mn

“Цагаан тоосны хор хөнөөлөөс ирээдүйгээ аврах хөдөлгөөн” зохицуулагч, Говил багийн иргэн Д.Баасансүрэн: 
 
Би Говил багт 1975 оноос хойш амьдарсан. Бид хөдөлгөөнд нэгдэж буй хүмүүсээс асуулга асуухад 150 хүнээс 147 нь амьсгалын замын өвчлөлтэй, хоолой нь боож, хөндүүрлэдэг, ханиалгадаг, зүрх судасны өвчтэй гэгчлэн хариулсан. Амьсгалын замын өвчлөл бүх эрхтэн системд нөлөөлдөг. Улаанбаатар хотод нэг сургуулийн 500 хүүхэд сүрьеэгийн халдвартай гээд бүгд хөдөлж байна. Тэгвэл бүхэл бүтэн 100,000 хүн ам эрүүл мэндээрээ ийм ноцтой хохирч байхад яагаад ЭМЯ, БОАЖЯ арга хэмжээ авдаггүй юм бэ. Биднийг хоморголон устгах гэж байгаа мэт сэтгэгдэл төрүүлж байна. 

Говил багт унтаж байгаад нас барах тохиолдол маш түгээмэл болсон. Үүнийг бид цагаан тоосноос үүдэлтэй амьсгалын замын өвчлөлтэй холбоотой гэж хардаж байгаа. Өвчлөл газар авч, үр хүүхдүүдэд нөлөөлж байна. Дөнгөж төрөөд 1-2 сар болсон хүүхэд харшил, бронхиттой гэж оношлогдох болсон. Ийм гамшгийг яагаад зүгээр нэг тоос гэж хүлээж аваад байна вэ? Энэ аюул цаашид хэдэн жил үргэлжлэхийг мэдэхгүй гэлээ.