Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/05/28-НД НИЙТЛЭГДСЭН

Цэцийн шийдвэрээс шалтгаалан МАН Бага хурлаа хойшлуулжээ

А.Төгөлдөр, iKon.mn
2019 оны 5 сарын 28
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Өнөөдөр хуралдаж, 42 дугаар тойргийн нөхөн сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчээ тодруулах байсан МАН-ын Бага хурал тодорхойгүй хугацаагаар хойшилжээ.

Энэ талаар албаны эх сурвалжаас тодруулахад үгүйсгээгүй бөгөөд албан ёсны шийдвэр одоогоор гараагүй байна гэсэн юм.  

Ийнхүү хойшилсон нь Үндсэн хуулийн цэцийн дүгнэлттэй холбоотой аж. Учир нь ҮХЦ-ийн Дунд суудлын хуралдаанаас УИХ-ын гишүүн асан Д.Гантулгыг чөлөөлсөн нь холбогдох хууль тогтоомж зөрчөөгүй бөгөөд 42 дугаар тойрогт нөхөн сонгууль явуулах тов тогтоосон, сонгуулийн зардлыг хэмжээг баталсан нь Үндсэн хууль зөрчсөн гэж үзэн УИХ-ын тогтоолыг түдгэлзүүлэх дүгнэлт гаргасан билээ. 

Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүн асан Д.Гантулгыг чөлөөлсөн нь Үндсэн хууль зөрчөөгүй. Харин түүний сонгогдсон тойрог буюу 42 дугаар тойрогт нөхөн сонгууль явуулах тов тогтоож, төсөв баталсан нь Үндсэн хууль зөрчсөн гэж үзэн сонгуулийн тов тогтоосон УИХ-ын тогтоолыг түдгэлзүүлээд байгаа билээ. 

Хуулийн дагуу ҮХЦ-ийн дүгнэлтийг хүлээж авах эсэхээ УИХ 15 хоногийн дотор шийднэ. Хэрэв УИХ цэцийн дүгнэлтийг хүлээж авах шийдвэр гаргавал 42 дугаар тойргийн нөхөн сонгууль болохгүй. Харин хүлээж авахгүй тохиолдолд ҮХЦ-ийн Их суудлын хуралдаанаар энэ асуудлыг хэлэлцэх юм.  

Ийнхүү Хэнтий аймгийн 42 дугаар тойрогт нөхөн сонгууль болох эсэх нь эргэлзээтэй нөхцөл байдал бий болоод байгаа учир МАН Бага хурлаа хойшлуулсан байна.