Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/05/27-НД НИЙТЛЭГДСЭН

Хөрөнгийн зах зээлийн үнэлгээний 90.4%-ийг 30 компани бүрдүүлж байна

Т.Саран, iKon.mn
2019 оны 5 сарын 27
iKon.MN

Санхүүгийн зохицуулах хорооны үнэт цаасны дэлгэрэнгүй бүртгэлд төрийн өмчит, төрийн өмчийн оролцоотой болон хувийн нийт 307 хувьцаат компани байгаа бөгөөд Монгол Улсын үнэт цаасны зах зээлийн нийт үнэлгээ 2.45 их наяд төгрөгт хүрчээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 134.2 тэрбум төгрөгөөр буюу 5.2 хувиар буурч, 2018 оны жилийн эцсийн ДНБ-ий дүнд харьцуулахад 7.6 хувьтай тэнцэж байна. Түүнчлэн ТОП-20 индекс өмнөх оны мөн үеийн байдлаас 195.75 нэгжээр буюу 0.93 хувиар буурчээ.

Нийт зэх зээлийн үнэлгээний 90.4 хувийг 30 компанийн үнэлгээ бүрдүүлж байгаа буюу хувьцаа хэт төвлөрсөн хэвээр байгаа юм.

 
Гэрэл зургийг MPA.mn

Энэ талаар Санхүүгийн зохицуулах хорооны Үнэт цаасны газрын дарга Б.Лхагвасүрэн “Нийт хувьцаа эзэмшигчдийн 1.0% нь 5%-аас дээш буюу том хувьцаа эзэмшигч байдаг бол 5%-аас доош буюу жижиг хувьцаа эзэмшигч 99.9%-ийг эзэлж байгаа. Тиймээс СЗХ 2016 оноос хойш анхдагч зах зээл дээр арилжаалагдаж байгаа олон нийтийн хувьцааны хувь хэмжээг хамгийн багадаа 25% ба түүнээс дээш байхаар бодлогын арга хэмжээ авсны үр дүнд манай зах зээлийн үнэлгээ, хоёрдогч зах зээлийн арилжаа, хөрөнгийн өсөлт ажиглагдаж байгаа” гэлээ.

2019 оны нэгдүгээр улирлын байдлаар “Монголын хөрөнгийн бирж” ХК болон “Монголын үнэт цаасны бирж” ХК-аар дамжуулан нийт 49.3 тэрбум төгрөгийн арилжаа хийгджээ. Нийт арилжааны дүнг задлан авч үзвэл, МХБ-ийн анхдагч зах зээлийн арилжаагаар нийт 15.3 тэрбум төгрөгийн хувьцаа, хоёрдогч зах зээлийн арилжаагаар 29.1 тэрбум төгрөгийн хувьцаа, 4.9 тэрбум төгрөгийн ЗГҮЦ, МҮЦБ-ийн хоёрдогч зах зээлийн арилжаагаар 50.0 сая төгрөгийн компанийн өрийн хэрэгсэл, 9.6 сая төгрөгийн хувьцааг тус тус арилжаалсан байна.