Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/05/27-НД НИЙТЛЭГДСЭН

"Лагийг халдваргүйжүүлэх, үнэргүйжүүлэх ажил эхэлсэн ч үнэр салхины чиг, хурдаас хамаарч байна"

Б.Даваабазар, iKon.mn
2019 оны 5 сарын 27
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Төв цэвэрлэх байгууламжийн олон жил хуримтлагдсан лагийг үнэргүйжүүлэх ажлын явцын талаар Барилга хот байгуулалтын яамнаас өнөөдөр мэдээлэл хийлээ.

Сүүлийн өдрүүдэд Улаанбаатарт лагийн үнэр үнэртэж иргэдийн тав тух, амгалан тайван байдлыг алдагдуулаад байгаа билээ.Тэгвэл Улаанбаатар хотын хэмжээнд гарч буй энэ үнэр лагийг үнэргүйжүүлэх, халдваргүйжүүлэх ажил эхэлсэнтэй холбоотойгоор гарч байгаа гэдгийг яамнаас хэлж байна. 

БХБЯ-ны нийтийн аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтэн Д.Анхбат “Лагийг халдваргүйжүүлэх, үнэргүйжүүлэх ажлын хүрээнд хуримтлагдсан картны лагийг машин механизм ашиглан задалж эхэлсэн. Дээрээс нь салхины чиг, хурд нөлөөлж байгаа учраас үнэр гарч Улаанбаатар хотын төв рүү орж байна. Аль болох бид үнэр гарахгүй байхаар арга хэмжээ авч ажиллана. Мөн баярын өдрүүдэд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллана.

Тодруулбал, Улаанбаатар хотод шинэ цэвэрлэх байгууламжийг барих ажлын бэлтгэл ажлын хүрээнд одоо ажиллаж байгаа хуучин цэвэрлэх байгууламжийг шинэчлэх, түүнд олон жил хадгалагдаж байгаа лагийг халдваргүйжүүлэх, үнэргүйжүүлэх ажлыг хийх үүргийг Засгийн газрын 73 дугаар тогтоолоор гаргасан.

Тиймд лагийг үнэргүйжүүлэх, халдваргүйжүүлэх ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлж эхэлсэн. 2019 онд нийт 339,600  метр куб түүхий лаг, 10 га талбайд тархсан 240,000 метр куб хуримтлагдсан лагийг халдваргүйжүүлэхээр ажиллаж байна. Энэхүү ажил хоёр үе шаттай явагдана.

  1. 2019 оны тавдугаар сарын 20-ноос зургаадугаар сарын 29-ний өдөр хүртэл үргэлжилнэ. Ингэхдээ картанд хуримтлагдсан түүхий лагийг үнэргүйжүүлэх, халдваргүйжүүлэх ажил хийгдэнэ.  
  2. 2019 оны долоодугаар 15-наас аравдугаар сарын 1-нийг хүртэл хуримтлагдсан хур лагийг үнэргүйжүүлэх, халдваргүйжүүлэх ажлыг хийнэ.

Нийт 44 карт байдаг. Өнгөрсөн онд 19 картыг халдваргүйжүүлэх ажлыг хийсэн энэ онд үлдсэн картыг халдваргүйжүүлэх ёстой. Одоогийн байдлаар дөрвөн картан дээр ажиллаж байна.

Шинэ цэвэрлэх байгууламжийг 2023 онд ашиглалтад оруулах төлөвлөгөө бий"  гэв.