Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/05/27-НД НИЙТЛЭГДСЭН

Зайсан орчимд газрын гэрчилгээгээ авч чадаагүй иргэд БОАЖ-ын сайд Н.Цэрэнбатыг огцрохыг шаардлаа

Б.Бадамгарав, IKon.mn
2019 оны 5 сарын 27
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Тост, Тосон бумбын нурууны тусгай хамгаалалтын хилийн заагийг өөрчлөхийг шаардан нутгийн иргэд Байгаль орчин, аялал жуулчлалын яамны гадаа жагслаа. Харин Зайсан орчимд газрын гэрчилгээгээ авч чадаагүй иргэд БОАЖ-ын сайд Н.Цэрэнбатыг огцрохыг шаардсан юм.

Гурвантэс суманд 10 уурхай үйл ажиллагаа явуулж байна
 
Гэрэл зургийг Mpa.mn

Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Иргэдийн хурлын төлөөлөгч Б.Дэжид "Тост, Тосон бумбын нурууг 2016 онд улсын тусгай хамгаалалтад авахаар болоход эрдэмтэд судлаачдын санал, дүгнэлтэд үндэслэн 893 мянган га талбайг хамгаалалтад авна уу хэмээн хүсэлтээ өгсөн. Гэтэл 2017 онд байгалийн нөөцийн хилийн заагийг тогтоохдоо 165 мянган га-г нь гаргачихсан. Одоо тэнд нь уурхайнууд үйл ажиллагаагаа явуулж байна.

Хүнээр бол хөлийг нь тайрч хаячихаад хамгаалалтад авлаа гэж байгаа юм. Угтаа бол Тост, Тосон бумбын нурууг бүхэлд нь хамгаалалтад авч байж л, хамгаалсан болно. Одоогоор тэрхүү хилийн заагийн гадна үлдээсэн талбайд "Сауд Гоби Коэл Транс" компанийн эзэмшиж байгаа талбай нь 43 мянган га талбай буюу Улаанбаатар хотоос ес дахин том талбай. Өөрөөр хэлбэл, нэг уурхай Улаанбаатар хотоос ес дахин том талбай эзэмшин, үйл ажиллагаагаа явуулж байна" гэлээ.

Өмнөговь аймгийн Гурван тэс сум нь 2.9 сая га талбай нутагтай бөгөөд одоогоор тус суманд 10 уурхай үйл ажиллагаагаа явуулж байгаа аж.

 

Жагсаалд оролцож буй Өмнөговь аймгийн иргэд энэхүү жагсаал нь хэдэн хүний нэрийг харлуулах гэсэн үйлдэл огт биш бөгөөд өвөг дээдсийнхээ амьдарч байсан нутгийг онгон хэвээр үлдээх, үр хойчдоо байгалийнхаа үзэсгэлэнт төрхийг өвлүүлэхийг хүсэж байгаагаа илэрхийлсэн юм.

Ц.Өнөржаргал: Давхцалгүй 31 айлын гэрчилгээг олгохгүй, давхцсан 89 айлын газрыг судалж өгөхгүй байна

Харин Зайсан орчимд амьдардаг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдыг огцрохыг шаардаж байв. Тухайлбал, “Экологи Зайсан” ТББ-ын тэргүүн Ц.Өнөржаргал "Зайсангийн айлуудын бүртгэл дүүргийн хяналтад байдаг. Манайх Зайсанд 60 жилийн турш, гурван үеэрээ амьдарч байна. Тэгэхэд нэг гэрийн буурийн талбай авах гэж яамны үүдийг 11 жил царай алдлаа. 

Богд Хан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас бүх материалыг нь бүрдүүлж өгсөн байхад газар нь давхцаагүй 31 айлын гэрчилгээг олгохгүй, давхцалтай 89 айлыг ч судалж өгөхгүй байна. Сүүлд давхцалгүй бөгөөд гэрчилгээтэй байсан айлын газрыг ч цуцалсан. Иргэд бидэнд хүндэтгэлгүй хандаж байна, асуудлыг шийдэх өгөхөд анхаарал тавьдаггүй, хүлээн авч ч уулзаагүй. Яагаад гэдэг учир шалтгаанаа ч хэлэхгүй байна" гэж байв.

ФОТО: 

Гэрэл зургийг mpa.mn

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг