Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/05/27-НД НИЙТЛЭГДСЭН

Дональд Трамп Умард Солонгосын удирдагч Ким Жон Уныг өмөөрөв

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 5 сарын 27
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн амралтын өдөр АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп хоёр ч удаа Умард Солонгосын удирдагч Ким Жон Уныг өмгөөлсөн мэдэгдэл хийгээд байна.

Бямба гарагт Цагаан ордны үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жон Болтон сэтгүүлчидтэй уулзахдаа тавдугаар сарын 4 ба 9-ний өдрүүдэд Умард Солонгосын дэглэм ойрын тусгалын пуужин туршсаныг гарцаагүй НҮБ-ын хоригийг зөрчсөн хэрэг гэж мэдэгдсэн юм.

 Тэгвэл Японд айлчилж байгаа Дональд Трамп өчигдөр твиттер хуудсандаа “Умард Солонгос зарим жижиг зэвсэг туршсан нь манай зарим нэг хүнийг айлгасан бололтой. Гэхдээ надад ямар ч айдас төрүүлээгүй” гэж бичжээ.

“Манай зарим нэг хүн” гэдэгтээ тэр Жон Болтоныг хэлсэн нь тодорхой байна.

Үүний дараа NBC сувгийн ярилцлагад орохдоо Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Сара Сандерс “Сүүлийн үед хийгдсэн туршилтууд нь хэнийг ч чиглээгүй гэдгийг бид мэдэж байгаа. АНУ болон түүний холбоотнуудад аюул учруулаагүй” гэж хэлээд Трампыг “Удирдагч Кимтэй үүсгэсэн харилцаандаа сэтгэл хангалуун, итгэлтэй байгаа” гэж мэдэгджээ.

Өчигдөр бас Трамп твиттер хуудсандаа өөртэй нь 2020 оны сонгуульд өрсөлдөх магадлалтай байгаа Жо Байденыг Умард Солонгосын хэвлэл хэрхэн зэмлэснийг бахархан бичсэн байна.

Ардчилсан Намаас 2020 оны ерөнхийлөгчийн сунгаанд өрсөлдөж байгаа Жо Байден саяхан Дональд Трампын гадаад бодлогыг шүүмжлэхдээ АНУ-ын ерөнхийлөгчийг Ким Жон Ун, Владимир Путин мэтийн дарангуйлагч нартай найрсаг харилцаатай гэж буруутгасан юм.

Харин үүний дараа Умард Солонгосын төв хэвлэл Жо Байденыг “бага IQ-тай, тэнэг” гэж доромжилж байв.

Трамп өчигдөр бичихдээ “Жо Байденыг Ким Жон Ун бага IQ-тай гэж хэлсэн нь намайг инээлгэсэн. Ингэснээрээ тэр надад ямар нэг юм хэлэх гэв үү?” гэж бичжээ.

 

Эх сурвалж: Associated Press