Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/05/24-НД НИЙТЛЭГДСЭН

5G технологи нь цаг уурын урьдчилан таамаглах чадварыг 40 жилээр ухраахаар байгааг анхааруулжээ

Р.Түвшин, iKon.mn
2019 оны 5 сарын 24
iKon.MN
Зураг зураг

Саяхан NASA болон АНУ-ын Үндэсний Далай тэнгис, Агаар мандлын Захиргаа (NOAA) байгууллагуудын тэргүүнүүд шинээр нэвтэрч эхэлж байгаа 5G технологийг дэлхийн цаг уурын урьдчилан таамаглах чадварыг 40 жилээр ухраах эрсдэл учруулж болзошгүйг анхааруулжээ.

Тодруулбал далайн хар салхины аялах замыг тодорхойлох ажилд саад учруулснаар хүн амыг нүүлгэн шилжүүлэх хугацааг богиносгох болоод байгаа гэнэ.

5G сүлжээнд ашигладаг миллиметрийн долгионы 24GHz зурвас нь агаар мандлын ус чийгийн хэмжээг тодорхойлдог хиймэл дагуулуудын ажиллах долгионтой давхцаж байгаа ажээ.

Ингэснээр хэмжилт хийхэд нь саад учруулахаар байгаа юм. Өнгөрсөн долоо хоногт NOAA байгууллагын захирал, доктор Нэйл Жэкобс конгрессийн байгаль орчны байнгын хороонд мэдэгдэхдээ 5G сүлжээ нэвтэрснээр агаар мандлаас цуглуулдаг датаны хэмжээ 77 хувиар буурч, урьдчилан таамаглах чадвар 30 хувиар багасна гэж хэлжээ.

Энэ нь 1980-аад оны шинжлэх ухааны түвшинд буцах ухралт юм байна. Үр дүнд нь далайн хар салхины аюулаас хүн амыг хамгаалахын тулд нүүлгэн шилжүүлэх ажил 2-3 хоногоор хойшлох юм байна.

Дөрөвдүгээр сарын 19-нд NASA-гийн захирал Жим Бирденстин мөн конгресст мэдээлэл өгөхдөө энэ тухай анхааруулж байжээ.

Гэхдээ Жэкобс “Манай технологийг 5G технологитой давхцуулалгүйгээр зэрэгцүүлэн хэрэглэх сайн шийдэл олдоно гэдэгт би итгэлтэй байна” гэж хэлсэн юм.

Нэг талаас мэдээллийн технологийн компаниуд өндөр хурдаар өрсөлдөхөөр яарч байгаа бол нөгөө талаас дэлхийн уур амьсгалын өөрчлөлт байгалийн гамшгийн хэмжээ, далайцыг улам бүр нэмэгдүүлж байгаа. Тиймээс талууд технологийн стандартыг яаралтай тохиролцох зайлшгүй шаардлагатай болжээ.

 

Эх сурвалж: The Verge