Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/05/24-НД НИЙТЛЭГДСЭН

Дональд Трамп сүмогийн ордны шалан дээр завилж суух уу, сандал дээр суух уу?

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 5 сарын 24
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп тавдугаар сарын 25-28-ны өдрүүдэд Японд төрийн айлчлал хийх гэж байна.

Ням гарагт тэрээр Японы уламжлалт соёлын нэг хэсэг болох сүмогийн тэмцээний сүүлийн барилдаануудыг үзэхээр болжээ. Ингэхдээ Трамп анх удаа “Trump Cup” гэж нэрлээд байгаа цомыг түрүүлсэн бөхөд гардуулах юм.

Гэвч Токиогийн Рёгоку Кокугикан ордонд залрах Трампын аюулгүй байдал олон асуудал дагуулж байгаа гэнэ.

Ням гарагт ордонд нэвтрэх хүн бүрийг металл илрүүлэгчээр шалгах ажээ. Үүнээс гадна Трампын суух дэвжээний хажуугийн хэсэгт үзэгчид олбог дээр завилж суудаг. Энэ хэсгийн суудал тус бүр 10,000 иений ($90 орчим) үнэтэй байдаг.

Трамп завилж удаан сууж чадахгүй тул сандал тавих магадлалтай байгааг албаны эх сурвалж мэдээлжээ. Гэвч япончуудын ихэнх нь АНУ-ын ерөнхийлөгчид онцгойлон хандалгүй, ёс жаягийн дагуу олбог дээр завилуулж суулгах ёстой гэж үзэж байгааг хэвлэлүүд мэдээлсэн байна.

Үүнээс гадна бөхчүүд дэвжээний гадна унахдаа үзэгчдийг дарах тохиолдол байдаг. Мөн дээд цолтой бөх өвдөг шороодоход үзэгчид олбогоо дэвжээ рүү шиддэг уламжлал нь Трампын бие хамгаалагчдын хувьд шийдэхэд хэцүү асуудал болж байгаа гэнэ.

Японы Сүмогийн Холбоо, Токио дахь АНУ-ын элчин сайдын яам эдгээр асуудлуудыг яаж шийдэх тухай мэдээлэл өгөхөөс татгалзжээ.

 

Эх сурвалж: Associated Press