Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/05/24-НД НИЙТЛЭГДСЭН

В.Путиний дэмжлэг, “Роснефть”-ийн 24 тэрбум төгрөгийн санхүүжилтээр “Халхгол - шинэ сум” төсөл хэрэгжиж байна

Т.Саран, iKon.mn
2019 оны 5 сарын 24
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Халхголын дайны ялалтын түүхт 80 жилийн ой наймдугаар сард тохиох билээ. Энэхүү ойг тэмдэглэх хүрээнд Дорнод аймгийн Ажлын хэсгээс өнөөдөр мэдээлэл хийлээ. Түүхт ялалтын 80 жилийн ойн хүрээнд хийх хамгийн гол ажил нь нэр нь тодроогүй хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн ч Монгол Улсын тусгаар тогтнол, эрх чөлөөг баталгаажуулах тэрхүү түүхэн дайнд амь хайрлалгүй тэмцэж, цусаа урсгаж явсан дайчдаа тодруулж, нэр алдрыг нь мөнхжүүлэх зорилготой гэдгийг онцолсон юм.

Гэрэл зургийг MPA.mn

Энэ талаар тус комиссын хэвлэл мэдээлэл хариуцсан ажилтан н.Дэлгэр:

Бид гурван гол ажлынхаа тухай онцолмоор байна. 

Халхголын дайны ялалтын 80 жилийн ойн хүрээнд ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путиний дэмжлэг, “Роснефть” компанийн 24 тэрбум төгрөгийн хөрөнгөөр “Халхгол - шинэ сум”  төсөл хэрэгжээд есөн том барилга бүхий шинэ сумыг хүлээлгэн өгөх гэж байна. Тиймээс бид мөн сэтгэлийн дэм болох үүднээс хандивын аяныг орон нутагтаа өрнүүлж байна. 

Энэ удаагийн ойн хүрээнд баяр наадам гэхээсээ илүү үлдэцтэй зүйл хийхийг зорьсон. Тиймээс Халхгол сумын “Ялалт” музейн захирал Л.Мягмарсүрэн гуайн санаачилгаар "Тэд бидний төлөө, бид тэдний төлөө" хэмээх том аяныг өнгөрсөн оны арваннэгдүгээр сард эхлүүлж, Дорнод аймгийн бүх сум идэвхтэй оролцсон. 

Хамгийн гол ажил бол энэ сарын 27-ны 10:00 цагаас ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгийн хурлын танхимд болох дайнд оролцсон ахмад дайчдын үр хүүхэд, ар гэрийнхэнтэй хийх “Дурсамж” уулзалт. Уулзалтын гол зорилго нь нэр нь тодроогүй, хэн ч ярьдаггүй хүмүүсийн алдрыг мөнхжүүлж, гаргаж ирэх. Монгол орны өнцөг булан бүрээс хүмүүс холбогдож, түүх, дурсамжаа хуваалцах юм. 

"Дорнод аймгаас л гэхэд чөлөөлөх дайнд 4,000-5,000 хүн оролцсон ч ихэнх нь мөнх бусыг үзжээ"

Гэрэл зургийг MPA.mn

Халхгол сумын “Ялалт” музейн захирал Л.Мягмарсүрэн:

Халхголын дайны ялалтын 80 жилийн ой бол зөвхөн ОХУ, Монгол Улсын асуудал биш,  дэлхий нийтийн анхаарлын төв дэх асуудал. Бид Дэлхийн II дайны эхлэлийг 1941 оны зургадугаар сарын 22-нд Герман ЗХУ руу довтолсноор эхэлсэн гэж үздэг байсан бол олон улсын судлаачид цоо шинэ ойлголтыг таван жилийн өмнөөс гаргаж тавьсан. Энэ нь Халхголын дайн бол Дэлхийн II дайны эхлэл байсан гэсэн санаа бөгөөд Японоос бусад орны эрдэмтэд хүлээн зөвшөөрч байгаа. Тиймээс энэ бол маш чухал ой. 

Хоёрдугаарт, Халхголын дайны түүх бол нэн шинэхэн түүх. 1939 онд Халхголын дайнд 20 настай оролцож байсан дайчин өдгөө 100 настай байгаа бөгөөд энэ түүхийн 15 амьд гэрч бий. Хоног хугацаа өнгөрөх тусам түүх бүдгэрч, амьд сэрүүн гэрч ховордож байгаа ийм үед 80 жилийн ой тохиож байна. Тэртээ 80 жилийн өмнө амиа алдаж, цусаа урсган, өрөөл татуу болж дайтсан тэр цэрэг эрс Монгол Улсын тусгаар тогтнолыг баталгаажуулж,  өнөөгийн монголчуудын энэ сайн сайхан амьдралыг бий болгосон түүхтэй. 

Тэгвэл бид тэдний төлөө юу хийж чадах вэ гэж бодсон. 

Хамгийн түрүүнд дайнд амь насаа алдсан, өнөөдөр ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн хүмүүсийн нэрийг тодруулж, алдар гавьяаг нь мөнхжүүлэх нь зүйтэй гэж үзээд бүх сумдад хүрч ажилласан. “Халхголын зарлаагүй дайн” лекц уншиж, энэ түүхийг харуулсан уран сайхны болон баримтат 17 киног үзүүлж, түүхийн амьд гэрчүүдийн дурсамжийг хүргэж байгаа нь иргэдийн сэтгэлд хүрч, сонирхлыг татаж байна. 

Гуравдугаарт, “Ялалт” музейн үзмэрүүдийг олон нийтэд хүргэж, соёлын биет өвийг танилцуулж байгаа. 

Мөн аяны хүрээнд Батлан хамгаалахын төв архив, Батлан хамгаалах яамтай хамтарч, дэд хурандаа, судлаач н.Гантулга бүх аймаг, суманд ажиллаж, дайнд оролцсон хүмүүсийн архивын лавлагааг авах арга зүйн зөвлөгөө өгч байна. 

Халхгол суманд л гэхэд

  • Халхголын дайнд оролцсон 65
  • чөлөөлөх дайнд 243
  • баруун хийлийн тулгаралтад орсон нэг
  • дайны ард ажилласан 6 хүн байх жишээтэй. 

Энэ хүмүүсийнхээ мэдээллийг бид музейнхээ Цэргийн гавьяаны улаан тугийн одонт Халхгол сумын ахмад дайчид гээд буланг байгуулж, алдар нэрийг нь мөнхжүүлж байна. 

Манай 21 аймгийн музей, 330 сумын Алдрын танхимд БНМАУ-ын хөдөлмөрийн баатар, авраг малчин, улсын арслан, соёлын гавьяат зүтгэлтэн, ардын багш гэх мэт алдартнуудын зураг байдаг. Тэгвэл Монгол Улсын эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө амиараа дэнчин тавьж тулалдсан дайчдаа бид алдаршуулах ёстой. 

Энэ хүрээнд манай Дорнод аймгийн Баяндун сум л гэхэд 200 гаруй хүний архивын лавлагаа аваад байгаа бол Булган сум 80 хүний лавлагаа авсан байна. Дорнод аймгаас л гэхэд чөлөөлөх дайнд 4,000-5,000 хүн оролцсон ч ихэнх нь мөнх бусыг үзжээ. 

Бусад аймгийн хувьд Сэлэнгэ, Говь-Алтай идэвхтэй оролцож байна. Энэ аяныг орон даяар өрнүүлээсэй гэж хүсэж байна гэлээ.