Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/05/24-НД НИЙТЛЭГДСЭН

Татварын багц хуульд бүхэлд нь тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг УИХ хүлээж авсангүй

А.Төгөлдөр, iKon.mn
2019 оны 5 сарын 24
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Татварын багц хуульд бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ. 

Ерөнхийлөгчийн хоригийг УИХ дахь МАН-ын бүлэг болон Төсвийн, Хууль зүйн байнгын хороод тус тус хүлээж авах боломжгүй гэж үзсэн билээ. 

Ийнхүү хоёр байнгын хорооны дүгнэлтийг танилуулснаар гишүүд хоригтой холбоотой үг хэлэв. 

УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Эрдэнэт үйлдвэр их татвар өг. Оюутолгой түүнээс гурав дахин бага өг гэдэг байдлаар шийдээд байна гэж ойлгож болох уу. Ерөнхийдөө ингэж ойлгогдоод байна. 

Мөн шүүхээр эцэслэн шийдвэрлээгүй байхаар хөрөнгийг битүүмжлэнэ гэж юу гэсэн үг вэ. Хоригийг яагаад зөвшөөрөхгүй гээд байгаа юм бэ. Ерөнхийлөгч тавьсан болохоор зөвшөөрөхгүй гээд байгаа юм уу. Хориг дотор маш олон зөв юм байна гэж харагдаад байх юм. 

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар: Ойлголтын өнцөг зөрөөд байх шиг байна. Олон улсын үндэстэн дамнасан корпарациуд ядуу буурай орнуудаад татвар төлөхөөс зайлсхийдэг. Тэрхүү татвараас зугтдаг компаниудтай тэмцдэг олон улсын байгууллагуудтай хамтарч энэ хуулийн төслийг боловсруулсан. 

Хүлээж авахгүй байгаа нь тавигдсан үндэслэл болон хуулиа сайн ойлгоогүйтэй холбоотой. 

ЕТГ-ын дарга З.Энхболд: О.Баасанхүү гишүүний асуусан яагаад Оюутолгой Эрдэнэтээс бага татвар төлөөд байгаа юм бэ гэдэг шиг цоорхой энэ хуульд байгаа учраас хориг тавиад байгаа юм. 

Ийнхүү гишүүд асуулт асууж, үг хэлснээр Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах эсэхээр санал хураалт явуулав. 

Хуралдаанд оролцсон гишүүдийн 64.1 хувийн саналаар Татварын багц хуульд бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах боломжгүй гэж үзлээ. 

Гэвч УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн “Зарим гишүүдийн санал санал хураалтын дүнг харуулдаг самбарт буруу гарсан. Мөн санал хураалт явуулсны дараа зарим гишүүн нэмэгдэж орж ирсэн учир саяны санал хураалтыг хүчингүйд тооцож, дахин санал хураалт явуулж өгнө үү” гэсэн горимын санал гаргав. Ингэснээр өмнөх санал хураалтыг хүчингүйд тооцож, дахин санал хураалт явууллаа. 

Дахин санал хураалтад 39 гишүүн оролцож, 79.1 хувийн саналаар хоригийг хүлээн авах боломжгүй гэж үзэв.