Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/05/24-НД НИЙТЛЭГДСЭН

"Шинэ мастер төлөвлөгөө бүх хүнд тэгш, чанартай боловсрол олгох зорилготой"

Б.Даваабазар, iKon.mn
2019 оны 5 сарын 24
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

"Дэлхий нийтээр боловсролын шинэчлэл, боловсролын үзэл санаанд гүнзгий өөрчлөлт хийхээр ажиллаж байна. Өөрөөр хэлбэл, дэлхийн улс орнууд сурах үйл ажиллагаанд анхаарлаа хандуулах болжээ. Монгол Улс ч ялгаагүй боловсролын системдээ өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлагатай цаг үед ирээд байна. Монгол хүн оюуны чадамжийг илүү хөгжүүлэх ажлыг боловсролын салбар хийх учиртай. Үнэхээр боловсролын тэгш бус байдлыг арилгах хэрэгцээ шаардлага тулгараад байна. Энэ сэдвийг ikon.mn сайт хөндөн нийтэлж байгаа нь сайн хэрэг" хэмээн Монгол Улсын гавьяат багш, ШУТИС-ийн Ректор асан, доктор, профессор Д.Бадарч хэллээ.

Түүний хэлсэнчлэн боловсролын салбарт шаардлагатай шинэчлэлийг хийх үүднээс БСШУСЯ, Азийн хөгжлийн банк хамтран “Боловсролын салбарын хөгжлийн мастер төлөвлөгөө боловсруулахад дэмжлэг үзүүлэх төсөл” боловсруулж байгаа аж. Уг төслийн хүрээнд “Боловсролын салбарын судалгаа” сэдэвт хэлэлцүүлгийг өнөөдөр зохион байгууллаа.

Шинэ мастер төлөвлөгөөгөөр дамжуулан 2030 он гэхэд монголын боловсролын салбарыг олон улсын түвшинд хүргэж, бүх хүнд тэгш, чанартай боловсролыг олгох зорилготой. Манай улсын боловсролын салбар өмнө нь гурван удаа мастер төлөвлөгөө хэрэгжүүлсэн боловч харамсалтай нь бүрэн хэрэгжиж чадаагүй. Харин энэ удаагийн мастер төлөвлөгөө арван жилийн хугацаатай хэрэгжих тул үр дүнгээ өгсөн ажлуудыг бий болгоно гэдгийг боловсролын салбарын мэргэжилтнүүд хэлэлцүүлгийн үеэр онцолсон.

 
Гэрэл зургийг MPA.mn

БСШУСЯ-ны Шинжлэх ухаан технологийн бодлогын газрын дарга, Боловсролын салбарын хөгжлийн мастер төлөвлөгөө боловсруулах Ерөнхий ажлын хэсгийн ахлагч, доктор С.Мөнхбат "Өмнөх мастер төлөвлөгөөнүүд тодорхой цаг хугацаандаа үүргээ гүйцэтгэсэн. Энэ удаагийн шинэ мастер төлөвлөгөө нь боловсролын салбарын эрх зүйн орчны шинэчлэл хийгдэж буй энэ цаг үетэй давхцаж байна. Мөн арван жилийн хугацаатай төлөвлөгөө гэдгээрээ том давуу талтай.

Шинэ мастер төлөвлөгөөгөөр дамжуулан боловсролыг илүү прагматик байлгахаар зорьж байгаа. Тэр ч утгаараа бодит амьдрал дээр тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэхэд чиглэсэн. Тухайлбал, ЕБС-уудын хичээлийн ачааллыг бууруулах арга, чанаргүй их, дээд сургуулиудыг хэрхэн багасгах вэ гэх зэрэг тодорхой практик зорилтуудыг хэрэгжүүлэхэд чиглэсэн төлөвлөгөө гаргахаар зорин ажиллаж байна" гэв. 

Хэрэгцээ шаардлага

Бага, дунд боловсролын дэд салбарын судалгааны үр дүнгийн талаар БСШУСЯ-ны Ерөнхий боловсролын бодлогын газрын дарга, Бага, дунд боловсролын салбарын дэд ажлын хэсгийн ахлагч Т.Ням-очир "ЕБС-ийн ангилал, хэмжээ, хэв шинж, байршил буюу сургуулийн зураглал оновчгүй болж, хөдөө орон нутагт цөөн суралцагчтай 12 жилийн сургуулийн тоо олширч, сургалтын төлөвлөгөөгөөр олгогдсон сонгон суралцах боломжууд бүрэн хангагдахгүй байна. Зургаан настай хүүхдийн сургуульд дасан зохицох хөтөлбөрийг үндэсний түвшинд хэрэгжүүлэх бодлого дутагдаж байна.  

 
БСШУСЯ
 
БСШУСЯ

Боловсролын салбарын бүх түвшний хүний нөөцөд тавигдах шаардлагыг тодорхойлсон нэгдсэн зохицуулалт дутмаг байна. Багшийн хөгжлийн бодлого алга. 

 
БСШУСЯ

Мөн судалгааны үр дүнгээс харвал менежмент тогтолцооны хувьд: 

  • Сургуулийн бүтэц, ангилал, шатлал, нэршил, байршил, хүчин чадал, норматив, зардал, нөөцийг тодорхой судалгаа дээр суурилж оновчтой шийдлийг тодорхойлох
  • Хүний нөөцийн бодлого, багшийн хөгжлийн бодлогод нийцүүлэн карьерийн системийг бий болгож хэрэгжүүлэх, багш ажлын байрандаа тасралтгүй хөгжих, багш өөрөө санаачилгаараа хөгжих, бусад байгууллагын дэмжлэгийг нэмэгдүүлэх, нэгдсэн зохицуулалт хийх
  • Сурах бичиг, сургалтын хэрэглэгдэхүүний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, чанартай агуулга бий болгох тогтолцоо, менежментийг сайжруулах

Бодлого төлөвлөлтийн хувьд: 

  • Боловсролын салбарын бодлого, стратегийг тогтвортой, үр дүнтэй хэрэгжүүлэх, менежментийн циклийн дагуу бодлого, төлөвлөлтийг хийж хэрэгжүүлэх, явцын болон эцсийн үнэлгээ хийж, үр дүнд үндэслэн сайжруулах
  • Боловсролын үйлчилгээн дэх тэгш байдлыг хангах, тэгш хамран сургах орчин нөхцөл, сурах бичиг, сургалтын хэрэглэгдэхүүн, багшийн заах арга, сургуулийн менежментийг сайжруулах шаардлагатай" гэв.