Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/05/24-НД НИЙТЛЭГДСЭН

Ц.Шинэбаяр: Авлигын хэрэгт холбогддог төрийн байгууллагуудад эрсдлийн үнэлгээ хийж байна. Үр дүнг танилцуулна

Б.Билгүүн, iKon.mn
2019 оны 5 сарын 24
iKon.MN
 
Гэрэл зургийг Mpa.mn

АТГ-ын сар бүрийн ээлжит хэвлэлийн хурал болж байна.

ШУУД ҮЗЭХ:

https://www.facebook.com/iKonNews/videos/432348324009308/

АТГ-ын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, Эрхэлсэн комиссар Т.Баярхүү АТГ-аас тавдугаар сард хийсэн ажлын тайлан танилцуулж байна. Тэрбээр,

"Авлигын гэмт хэрэг, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд эрсдэл бүхий төрийн үйлчилгээ, байгууллагын үйл ажиллагаанд дүгнэлт хийж, болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх, илэрсэн зөрчил дутагдлыг таслан зогсоох, арилгах чиглэлээр Авлигын эсрэг хуульд заасан үүргийн хүрээнд холбогдох байгууллага, албан тушаалтанд зөвлөмж, чиглэл өгдөг. Үүний хүрээнд зарим ажлыг хийж хэрэгжүүллээ.

Жишээлбэл, Авлигын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд Нийслэлийн боловсролын газар, Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт Зөвлөмж хүргүүлсэн. 

2019-2020 оны хичээлийн жилд сургууль, цэцэрлэгт шинээр хүүхэд элсүүлэхдээ авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид, холбогдох хууль тогтоомжийн хүрээнд, ил тод, нээлттэй байдлаар элсэлтийн ажиллагааг зохион байгуулах шаардлагатай тухай Зөвлөмжийг хүргүүлсэн. АТГ-аас өгсөн Зөвлөмжийг боловсролын салбарын байгууллагууд дор бүрнээ чанд мөрдөж ажиллах ёстой.

Хүүхдийн шударга байдал буурах хандлагатай байна

АТГ-аас жил бүр хийдэг “Хүүхдийн шударга байдлын судалгаа”-ны дүнгээр Монгол хүүхдүүдийн шударга байдлын түвшин буурсаар байгаа. Анх судалгааг авсан 2010 оноос хойш өнөөг хүртэл 9 дэх удаагаа зохион байгууллаа. Энэ жил хүүхдийн шударга байдлын судалгааны дүн 3.91 пункт гарсан.

Үүнд үндэслэн сургуулийн насны хүүхдүүдэд чиглэсэн ажил хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.

Төрийн 15 байгууллагын авлигын эрсдлийг тогтоов

АТГ-аас судалгааны чиглэлээр ажилладаг төрийн бус байгууллагуудтай хамтран төрийн 15 байгууллагын авлигын эрсдлийг тооцож гаргаад байна. Энэ жилийн хувьд улсын 6 эмнэлэг, 3 их сургууль, төрийн өмчит 6 хуулийн этгээдийг авлигын эрсдлийн үнэлгээнд хамруулсан. Авлигын эрсдлийн үнэлгээ хийхийн утга учир нь тухайн төрийн байгууллагад авлигын ямар эрсдэлтэй зан үйл, нөхцөл байдал, шинж тэмдэг байгааг тодорхойлох зорилготой. 

Өөрөөр хэлбэл, тэр төрийн байгууллагад байгаа “авлигын өвчний онош”-ийг тогтооно гэсэн үг. Тавьсан оношийн дагуу “эмчилгээ” хийнэ, тэр эмчилгээ нь авлигаас урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх ажил байх болно. Авлигын эрсдлийн тайланг ирэх сард олон нийтэд нээлттэй танилцуулна.  

Хөрөнгө, орлогоо үнэн зөв мэдүүлээгүй албан тушаалтнуудад хариуцлага тооцуулжээ

АТГ-ын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс энэ 5 дугаар сард нийт 17 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлэгт төлөвлөгөөт болон өргөдөл, гомдол, мэдээллийн мөрөөр хяналт шалгалт явуулсан байна. Ийнхүү шалгахад 5 албан тушаалтан Авлигын эсрэг хуульд заасан өөрийн болон гэр бүлийн гишүүний хөрөнгө, орлого, зээлийг үнэн зөв мэдүүлэх үүргийг биелүүлээгүй нь тогтоогдсон. Үүнд:

  • МИАТ ХК-ийн Сургалтын хэлтсийн дарга Б.Амарсанаа
  • Дорноговь аймгийн Замын-Үүд сумын ЗДТГ-ын Хөгжлийн бодлогын тасгийн дарга Н.Алтангэрэл
  • Санхүүгийн зохицуулах хорооны Банк бус санхүүгийн байгууллагын газрын дарга Б.Итгэлсүрэн
  • Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалт зохицуулалтын ахлах референт П.Ууганбаяр
  • Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ш.Алтанчимэг нар болно.

Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 685 иргэний мэдүүлгийг хянав

Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 851 этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хүлээн авсан. Үүнээс 685 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлгийг хянан шийдвэрлэж холбогдох байгууллагад хариуг хүргүүлсэн байна.

Урьдчилсан мэдүүлгийг хянаж үзээд “Галт тэрэгний хөдөлгөөн зохицуулалтын нэгдсэн төв" УТҮГ-ын Тээврийн нэгдсэн удирдлага, сургалт, судалгааны хэлтсийн даргаар томилогдохоор нэр дэвшсэн Д.Төгсжаргал, Баянхонгор аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдохоор нэр дэвшсэн А.Цэцэнбилэг нарыг тухайн албан үүргийг гүйцэтгэхэд илт ашиг сонирхлын зөрчил үүсч болзошгүй гэж үзсэн байна. Өнөөдрийн байдлаар 207 урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна.

 
Гэрэл зургийг Mpa.mn

Судалгаа шинжилгээний албаны дарга, Ахлах комиссар Ц.Шинэбаяр: Улсын 1, 2, 3 дугаар эмнэлэг, ХӨСҮТ, ГССҮТ, АШУҮИС, МУИС, МУБИС, МИАТ, Автотээврийн үндэсний төв зэрэг байгууллагад энэ оны хоёрдугаар сараас эхлэн эрсдлийн үнэлгээг хийсэн. Иргэдээс гомдол санал их ирдэг, албан тушаалтнууд нь авлигын хэрэгт холбогддог төрийн байгууллагуудыг сонгосон. Өөрөө хэлбэл, авлига гэх өвчний халдвар авсан байж болзошгүй газрууд юм. Ирэх сард үр дүнг танилцуулна.

Хүүхдийн шударга байдлын судалгаа жил бүр хийгддэг. Сүүлийн таван жилийн харгалзан үзвэл шударга байдал буурч байна. Энэ нь санамсаргүй зүйл биш бөгөөд нийгмийн тусгал юм. ЕБС-ийн 7-12 дугаар ангийн хүүхдүүдийн дунд явагддаг.

Мөн судалгааг үнэлгээг яам, тамгын газрууд, улс төрийн албан тушаалтнууд дунд авлигын нөхцөл байдлын талаар мөн судалгаа хийдэг. Хэдийгээр судалгаануудын дүнг хооронд нь шууд харьцуулах боломжгүй ч зарим үзүүлэлтийг харгалзахад яам, тамгын газрын албан тушаалтны шударга байдлын түвшин нь ЕБС-ийн сурагчдынхаас дүн нь доогуур байна. Улс төр, шүүх, хууль сахиулах байгууллага дах авлигын түвшин түүнээсээ дор байна. Энэ нь шийдвэр гаргах түвшинд оролцох оролцоо нэмэгдэх тусам авлигын нөхцөл байдал хүндэрч байгааг харуулж байна.