Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/05/24-НД НИЙТЛЭГДСЭН

Бэлгийн дарамтын хэрэгт гүтгэгдсэн Холливүүдийн жүжигчин $1.9 саяар хохирлоо барагдуулахаар болов

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 5 сарын 24
iKon.MN
Зураг зураг

Олны танил хүмүүсийн бэлгийн дарамтын хэргүүдийг илчлэх #MeToo хөдөлгөөний ээлжит хохирогч шүүхээр цагаатгагдаж, хохирлоо барагдуулахаар болжээ.

Оскарын шагналт жүжигчин Жофри Раш Австралийн “The Daily Telegraph” сониныг нэр хүндийг нь унагасан шалтгаанаар шүүхэд өгөөд байсан юм. Tус сонин 2015-2016 онуудад Жофри Раш “Лир Ван” жүжигт тоглохдоо хамтран ажилласан жүжигчин эмэгтэйд удаа дараа бэлгийн дарамт үзүүлж байсан тухай мэдээлж байжээ.

Нийтлэлд Рашийг хамтран тоглогч жүжигчнийхээ биед зөвшөөрөлгүй хүрч, угаалгын өрөөнд ороход нь дагаж, гар утас руу нь зохисгүй мессэж бичиж байсныг өгүүлсэн юм.

Тэгвэл Австралийн шүүх нэрт жүжигчнийг буруугүйг тогтоож, “The Daily Telegraph” сониныг “хэтрүүлэгтэй, хариуцлагагүй, дуулиан хөөцөлдсөн сэтгүүл зүйн бүтээл гаргасан" гэж дүгнэсэн байна.

Өчигдөр шүүхээс $1.9 саяыг Жофри Рашийн хохирлыг барагдуулахад зориулан сониноор төлүүлэх шийдвэр гарчээ. 

Жофри Раш нь “Pirates of the Caribbean” кинонд ахмад Хектор Барбоссагийн дүрийг бүтээсэн бол “King’s speech” кинонд хэл ярианы засалч Лионел Логийн дүрийг бүтээж олонд танигдсан жүжигчин юм. Тэр бас 1997 онд “Shine” кинонд Дэвид Хэлфготтын дүрийг бүтээж, Оскарын шилдэг жүжигчний шагналыг хүртэж байв.

 

Эх сурвалж: CNN