Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/05/24-НД НИЙТЛЭГДСЭН

Бие даагчдыг дэмжих “Электорат"’ хөдөлгөөний II чуулган боллоо

Б.Цэнд-Аюуш, Үндэсний шуудан
2019 оны 5 сарын 24
Үндэсний шуудан
Зураг зураг

УИХ-д мэдлэг, чадвартай, шударга, олон нийтийн дэмжлэгийг хүлээсэн хүмүүсийг гаргах зорилготой “Электорат"’ хөдөлгөөний II чуулган өчигдөр боллоо. 

Энэхүү хөдөлгөөнийг өнгөрсөн гуравдугаар сарын 28-нд “Бие даан нэр дэвшигчдийн холбоо” нэрийн дор албан ёсоор байгуулж, хөдөлгөөний 60 гаруй гишүүн хамтын тунхаг бичигт гарын үсэг зурсан юм. Тус хөдөлгөөнийг Ерөнхий сайд асан Д.Содном, Сангийн сайд асан Э.Бямбажав, Гадаад явдлын яамны сайд асан Ц.Гомбосүрэн, УИХ-ын гишүүн, сайд асан С.Оюун, хамба лам Д.Чойжамц, Төрийн хошой соёрхолт, хөгжмийн зохиолч Н.Жанцанноров, нийтлэлч Б.Баабар нар санаачилжээ. Улмаар хөдөлгөөнд Монголын төр, нийгмийн болоод олны итгэлийг хүлээсэн соёл, урлагийн олон зүтгэлтэн нэгдсэн байна.

Энэхүү хөдөлгөөн нь УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэх субъект биш бөгөөд 2020 оны УИХ-ын сонгуулийн 76 тойрогт өрсөлдөх, бие даан нэр дэвшиж болохуйц хүмүүсийг олон түмнээр бүтэн жилийн турш хэлэлцүүлэх юм. Улмаар бие даан нэр дэвшигчдийн дундаас олон түмний шалгуурт нийцсэн хэсгийг шалгаруулан дэмжих үүргийг тус хөдөлгөөн хүлээж буй.

Энэхүү хөдөлгөөний II чуулганаар үйл ажиллагааныхаа талаар мэдээлэл өгсний зэрэгцээ Олон нийтийн санаа бодлын судалгааны дүнг танилцуулсан юм. Уг судалгааг “Непко” судалгааны байгууллагаас түүврийн аргаар 1,500 иргэнийг хамруулан хийжээ. Энэ талаар судлаач Б.Болдбаатар “Бид өмнө нь энэ оны нэгдүгээр сард судалгаа хийсэн. Энэ сард хоёр дахь судалгаагаа хийлээ. Улсын хэмжээний судалгааг 1,200-1,600 хүнээс санал асуулга авах замаар хийдэг. Тиймээс бид судалгаандаа Улаанбаатар хот, Дархан-Уул, Хэнтий аймгийн 1,500 гаруй иргэнийг хамруулсан. Яагаад Хэнтий аймгийг онцолсон бэ гэвэл тэнд нэг сарын дараа нөхөн сонгууль болно.

Тиймээс сонгуулийн урьдчилсан хандлага ямар байгааг тандсан юм. Энэ сарын судалгааг өмнөхтэй нь харьцуулбал, улс төрийн нөхцөл байдлыг харьцангуй тогтворжиж байна гэсэн үнэлгээ гарч байна. Улс төрийн намын рейтингийн тухайд МАН-ынх өсөх хандлагатай гарсан. 

Харин улстөрчдөөс рейтингээрээ Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ нар тэргүүлж байна. Түүнчлэн бие даасан, боловсролтой шинэ улс төрчийг ард иргэд хүсэмжилж байна. Нэгдүгээр сард судалгаанд оролцсон иргэдийн 65 хувь нь ийм улстөрч шаардлагатай гэж байсан бол энэ удаа 61 хувь болж буурсан.

Гэхдээ иргэдийн ихэнх нь буюу 60 гаруй хувь нь бие даатдыг дэмжих бололцоотой гэсэн үг. Тухайлбал, Хэнтийн сонгуульд бие даасан хэн ч бай дэмжинэ гэж 20 гаруй хувь үзсэн байна. Энэ нь өмнөх сонгуулиудын үеийн судалгаатай харьцуулахад шинэлэгүзэгдэл юм. Түүнчлэн хоёр том улс төрийн намаас гадна парламентад суудалгүй намуудыгдэмжсэн хүмүүсийн тоо буурсан нь иргэд намаас залхаж байгаагийн илрэл болов уу” гэлээ.

Мөн энэ үеэр хөдөлгөөнийг санаач-лагчид болоод гишүүд байр сууриа илэрхийлж, чөлөөт хэлэлцүүлэг зохион байгуулав. Тухайлбал, нийтлэлч Б.Баабар “Хүмүүсийн улс төрийн намд итгэх итгэл алдарсан байна. Бүх намын дэмжлэг 30 хувиас илүү гарахгүй байна. 20 гаруй жилийн судалгаанаас үзэхэд хоёр том улс төрийн хүчний дэмжлэг 50 хувиас давдаг байсан. Хэзээ ч одоогийнх шиг бага байгаагүй. Энэ нь ард түмэн бие даасан шинэ хүмүүсийг дэмжиж байпаагийн илрэл” гэдгийг онцолж байлаа.

Мөн нийтлэлч Б.Цэнддоо “2020 оны сонгуульд олон бие даагч оролцохоор харагдаж байна. Энэ хүмүүсээс бид итгэл хүлээлгэсэн хүнийг сонгох ёстой. Хэрэв популист гараад ирвэл улс төрийг самраад л хаяна. Бид 2020 оны сонгуулиар нэр, бие цэвэр хүмүүс сонгогдоно гэдэгт итгэлгүй байна. Гэхдээ 2020 оны сонгуулийн үйл явц 2024 оны сонгуулийг шударга байлгах, шинэ намууд бүрэлдэж гарч ирэх тэр нөхцөлийг бий болгохын төлөө явж байна” гэсэн юм.

Харин Жавзандамба хутагт төвийн багш, гавж Д.Нямсамбуу “Энэ хөдөдлгөөнд би зүг чиг авах санаатай нэгдсэн. Улс эх орныхоо маргааш, ирээдүй хөгжлийн төлөө санаа зовж явдаг хүний хувьд эрх барьж байсан хүмүүс юу бодож, юу сэтгэж байгааг ойроос мэдэхийг хүссэн юм. Надтай ижилхэн зүг чиггүй болчихсон олон хүн байгаа байх. Шашны талаас үүнийг тайлбарлая гэвэл би мэдэхгүй байна. Бурхан шашинд тайлбар байхгүй байх. Харин бурхны шашин Монголд зөв сайн зүйлийг мэдээд нөлөө үзүүлж чадах байх гэж би итгэдэг” гэсэн юм.

Ийнхүү шударга бие даагчдыг олон түмэнтэй хамтран гаргаж ирснээр Монголын улстөрийн хямралыг даван туулах боломж нээгдэнэ гэж үзэж буй “Электорат” хөдөлгөөнийхөн хоёрдугаар чуулганаа өргөн хүрээтэй өрнүүллээ.

Дашрамд дурдахад, сонгуулийн дүн гарснаар “Электорат” үүргээ гүйцэтгэж дууссан гэж үзэх аж. Улмаар санал болпосны дагуу УИХ-д сонгогдон төрийн түшээ болсон хүмүүсийг эргэж нэгтгэх, тухайлсан бүлэглэл болгох, хариу нэхэн шахалт үзүүлэх зэргийг хөдөлгөөний зүгээс зохисгүй үйлдэл гэж үзэж буй.

Зураг