Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/05/24-НД НИЙТЛЭГДСЭН

Нарендра Моди хоёр дахь удаагаа Энэтхэгийн ерөнхий сайдын албыг хашихаар боллоо

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 5 сарын 24
iKon.MN
Зураг зураг

Энэтхэгт болсон парламентын сонгуулийн дүн эхнээсээ гарахад ерөнхий сайд Нарендра Модигийн хиндү үндсэрхэг үзэлт Бхаратия Жаната Нам (БЖН) ялах нь тодорхой болжээ.

Энэтхэгийн парламентын доод танхимын 542 суудлын 302-д нь Модигийн намын нэр дэвшигчид суухаар болсон байна. Санал тоолох ажил одоо ч үргэлжилж байгаа юм. Олонх болоход 272 суудал хангалттай байдаг бол БЖН 2014 онд болсон өмнөх сонгуульд 282 суудал авч байжээ.

Ингэснээр 1984 оноос хойш Энэтхэгийн парламентад анх удаа нэг нам дараалан олонх болж байна.

Нам нь ялах тодорхой болсны дараа Моди “Бид хамтдаа хөгжинө. Бид хамтдаа дэвшинэ. Хамтдаа бид хүчирхэг, нэгдмэл Энэтхэгийг байгуулна. Энэтхэг дахин яллаа!” гэж твиттер хуудсандаа бичжээ.

Гол сөрөг хүчин болох Үндэсний Конгресс намын тэргүүн Рахул Ганди ялагдлаа хүлээн зөвшөөрч Нарендра Модид баяр хүргэсэн байна.

Мөн Хятадын төрийн тэргүүн Ши Жиньпин, Пакистаны ерөнхий сайд Имран Хан нар баяр хүргэж, дараа нь Шри Ланка, Израйль, Японы төрийн тэргүүнүүд баярын мэндчилгээ ирүүлжээ.

Ажиглагчид БЖН-ын ялалт нь Нарендра Модигийн хувийн нэр хүндтэй шууд холбоотой гэж дүгнэж байна. Сөрөг хүчнийхэн ч сонгуулийн үйл ажиллагаагаа зөвхөн Модиг төрийн эрхнээс зайлуулахад чиглүүлж, хөгжлийн стратеги яриагүй нь гол алдаа болсон гэж дүгнэжээ.

Ийнхүү Нарендра Моди дэлхийн тав дахь том эдийн засагтай гүрнийг дахин таван жил удирдах болж байна.

Түүнийг өсөн нэмэгдэж буй ажилгүйдэл, уналтад орсон хөдөө аж ахуйн салбар зэрэг хүнд сорилтууд хүлээж байгаа. Мөн гадаад бодлогын хувьд хөрш Пакистантай үүссэн зөрчил мөргөлдөөн эмзэг асуудал болоод байна.

Энэтхэгийг олон жил удирдсан Ганди-Неругийн удмынхны тэргүүлдэг Үндэсний Конгресс нам парламентад ердөө 50 гаруй суудал аваад байгаа. Тус намын дарга Рахул Ганди ч парламентад суудал авч чадаагүй юм.

 

Эх сурвалж: Reuters