Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/05/23-НД НИЙТЛЭГДСЭН

Хамгийн сүүлд Африкаас Америк руу боол тээвэрлэж ирсэн хөлгийн үлдэгдлийг олжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 5 сарын 23
iKon.MN
Зураг зураг
Хөлгийн үлдэгдлийн зургийг дроноос авсан байдал

Африк тивээс АНУ руу хулгайгаар боолуудыг тээвэрлэн хүргэсэн сүүлчийн хөлөг онгоцны үлдэгдлийг 160 орчим жилийн дараа судлаачид олж илрүүлжээ.

Клотилда нэртэй уг хөлгийг жил орчим хугацаанд судалж, хайсны эцэст олсноо Алабамагийн Түүхийн Комисс фэйсбүүк хуудсандаа мэдээлсэн байна. АНУ-ын конгресс 1807 онд боолын худалдааг хориглох шийдвэр гаргаад байсан бол Клотилда 1860 онд сүүлчийн хууль бус аялалаа хийж байжээ.

Тухайн үед Клотилда хөлөг эрэгтэй, эмэгтэй, хүүхэд нийлсэн 110 хүнийг өнөөдрийн баруун Африкийн Бенин улсаас Алабама мужид тээвэрлэн ирсэн юм байна. 

Дараа нь боолын наймаачид баримтаа нуухын тулд Клотилда хөлгийг Алабамагийн Мобайл голд живүүлжээ. Үүнээс гурван жилийн дараа Америкийн иргэний дайн ид өрнөж байхад ерөнхийлөгч Абрахам Линкольн АНУ-д боолчлолыг халах тунхагт гарын үсэг зурсан юм.

Судлаачид эхлээд даатгалын баримт бичгээс Клотилда хөлгийн хэмжээ, хэлбэр, онцлог таних тэмдгүүдийг цуглуулсан байна. Дараа нь Мобайл голын уснаас түүнтэй яг адилхан хөлгийн үлдэгдлийг илрүүлжээ.

Клотилда хөлгөөр тээвэрлэгдэж ирсэн хүмүүсээс 1937 онд нас барсан Редоши буюу Сэлли Смитийг Африкаас ирсэн боолуудаас хамгийн сүүлд нас барсан хүн болохыг энэ оны эхээр судлаачид тогтоосон юм.

 

Эх сурвалж: Reuters