Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/05/23-НД НИЙТЛЭГДСЭН

Эрэн сурвалжлагдаж байгаа этгээдтэй цагдаа нар “Like”-ийн тоогоор тохиролцжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 5 сарын 23
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын Коннектикут мужийн цагдаагийн газар эрэн сурвалжлагдаж байгаа сэжигтэнтэй нэгэн өвөрмөц тохиролцоо хийжээ.

Бусдын амгалан тайван байдлыг алдагдуулсан, хүүхдийн эрүүл мэндэд эрсдэл учруулсан зэрэг хэд хэдэн хэргийн улмаас шүүхэд дуудагдсан ч ирэлгүй оргосон 29 настай Жозе Симмс одоо Нью Йоркийн хаа нэгтээ яваа юм байна.

Цагдаагийн газар зарыг нь сошиал хуудсандаа нийтлээд эрэн сурвалжилж байгаа ажээ. Сүүлд Симмс Торрингтон хотын цагдаагийн газартай интернэтээр холбогдож, нэгэн сонирхолтой тохиролцоо хийсэн байна.

Түүнийг эрэн сурвалжилж байгаа фэйсбүүк зарын пост 15,000 лайк цуглуулж чадвал Симмс өөрийн биеэр цагдаад ирж баривчлагдахаар болжээ.

Уг нь Симмс 20,000 лайкаар тохирох санал тавьсныг 15,000 болгож бууруулсан тухай Торрингтон хотын цагдаагийн газрын дэслэгч Брэтт Жонсон өчигдөр мэдээлсэн байна.

Гэвч цагдаа нарын энэ тохиролцоог судлаачид ёс зүйгүй, хууль дүрмийг тоглоом наадам болгосон буруу жишиг гэж шүүмжилцгээжээ.

Associated Press агентлагийн сэтгүүлч Симмстэй интернэтээр холбогдож тодруулга авахад тэр ийм тохиролцоо хийснээ баталж, үнэхээр лайкын тоо гүйцвэл өөрөө цагдаад очихоо мэдэгдсэн байна. “Намайг олж баривчлах тэдний хүнд хэцүү ажилд би бага ч гэсэн түлхэц өгөх гэсэн юм” хэмээн Симмс цагдаа нартай хийсэн тохиролцоогоо тайлбарлажээ. Тэр бас оргодлын амьдралаас залхаж байгаагаа хэлэхдээ “Таван секунд тутамд мөрөн дээгүүрээ эргэн харж явах нь маш их дарамт стресстэй юм” гэж ярьсан байна.

Зарим хүмүүс Симмсийг хэлсэндээ хүрэхгүй, зүгээр л олон нийтийн анхаарлыг өөртөө татах оролдлого хийж байна гэж сэжиглэжээ.

 

Эх сурвалж: Associated Press