Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/05/23-НД НИЙТЛЭГДСЭН

УИХ дахь МАН-ын бүлгийн ажлын албаныхны цалинг нэмнэ

А.Төгөлдөр, iKon.mn
2019 оны 5 сарын 23
iKon.MN
Зураг зураг

Зарим албан тушаалтны цалингийн хэмжээг тогтоох тухай УИХ-ын тогтоолын төслийг Засгийн газраас өнгөрсөн сарын 9-ний өдөр өргөн мэдүүлсэн билээ. 

Уг тогтоолын төслөөр УИХ дахь нам, эвслийн бүлгийн ажлын албанынхан, сум, дүүргийн ИТХ-ын дарга, шүүхийн шинжилгээний байгууллагын шинжээч, мэргэжилтнүүдийн үндсэн цалинг нэмэгдүүлж байгаа юм байна. Ингэхдээ нам, эвслийн бүлгийн ажлын албаны дарга УИХ-ын Тамгын газрын Нарийн бичгийн даргатай ижил, бүлгийн ажлын албаны зөвлөх болон ахлах референтүүд УИХ-ын Тамгын газрын зөвлөх, ахлах референттэй ижил цалинтай байхаар тогтоолын төсөлд тусгажээ. 

Мөн бүлгийн ажлын албаны референтүүд УИХ-ын Тамгын газрын референттэй адил цалинтай болно. 

Харин сум, дүүргийн ИТХ-ын дарга сум, дүүргийн Засаг даргатай, шүүхийн шинжилгээний байгууллагын шинжээч, мэргэжилтэн цагдаагийн байгууллагын оффицер ахлагчтай ижил хэмжээний үндсэн цалин авдаг болох юм байна. 

Энэхүү тогтоолын төслийг өнөөдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн батлах юм байна. 

Ташрамд дурдахад, одоогоор УИХ-д зөвхөн МАН-ын бүлэг бий. АН-ынхны тухайд зарим гишүүн нь намын гишүүнчлэлээс татгалзсан тул бүлэггүй болж “УИХ дахь Зөвлөл” гэдэг статустай болсон билээ.