Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/05/23-НД НИЙТЛЭГДСЭН

Хятадын дипломатч Хуавэйг өмгөөлөхдөө iPhone ашигласан нь баригдав

Р.Түвшин, iKon.mn
2019 оны 5 сарын 23
iKon.MN
Зураг зураг

Америк-Хятадын худалдааны зөрчил маргааны гол баатар нь өнөөдөр мэдээллийн технологийн Хуавэй компани болоод байна.

Даваа гарагт Пакистанд суугаа Хятадын элчин сайд Лижян Зао АНУ-ын ерөнхийлөгчийн Хуавэй компанийн эсрэг тавьсан хоригийг шүүмжлэх зорилгоор нэгэн хошигнол твиттер хуудсандаа нийтэлсэн юм.

Ингэхдээ тэрээр олон хэсэг зүссэн алимны зургийг Apple болон Хуавэй компаниудын логотой харьцуулжээ.

Өөрөөр хэлбэл Хуавэй компанийн лого нь Apple-ийн билэгдэл болсон алимыг олон хэсэг хуваан хэрчсэн дүрс юм гэж хошигносон байна.

Дэлхийн ухаалаг гар утасны зах зээлд Самсунг тэргүүлдэг бол Хуавэй хоёр, Apple гуравдугаар байруудад тус тус эрэмбэлэгддэг юм.

Гэвч Хятадын дипломатчийн уг жиргээ Apple-ийн бүтээгдэхүүн iPhone-оос бичигдсэнийг хүмүүс илрүүлжээ. TweetDeck программ Лижян Заогийн жиргээг “Twitter for iPhone” буюу iPhone-ий Твиттер аппликэйшнээс бичсэн болохыг харуулсан байна.

 

Ер нь Хуавэй компанийн ажилтнууд iPhone хэрэглэдэг нь батлагдсан хэд хэдэн тохиолдол бий.

Хуавэй компанийн маркетингийн ажилтнууд өнгөрсөн нэгдүгээр сард хэрэглэгчдэдээ шинэ жилийн мэндчилгээг твиттер сүлжээгээр илгээхдээ iPhone ашигласан нь илэрч байсан юм.

Одоо Канадад гэрийн хорионд байгаа Хуавэй компанийн санхүү эрхэлсэн дэд захирал Мэн Ванжоу анх саатуулагдахдаа Apple-ийн хэд хэдэн төхөөрөмж биедээ авч явсан нь илэрч байв. Энэ долоо хоногт Хуавэй компанийн ерөнхийлөгч Рэн Жэнфэй хэвлэлд ярихдаа өөрийгөө Apple-ийн бүтээгдэхүүнд дуртай, гадаадад аялахдаа гэрийнхэндээ iPhone авч ирдэг тухай ярьсан юм.

 

Эх сурвалж: Business Insider