Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/05/22-НД НИЙТЛЭГДСЭН

Сонгуулийн дүнг зарласны дараа Индонезид мөргөлдөөн гарснаас 6 хүн амиа алдлаа

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 5 сарын 22
iKon.MN
Зураг зураг

Индонез улсад саяхан явагдсан ерөнхийлөгчийн сонгуулийн дүнг зарласны дараа тус улсын нийслэлд мөргөлдөөн гарсан байна.

Сонгуульд ялагдсан нэр дэвшигч Прабово Субиантогийн дэмжигчид өчигдөр орой сонгуулийн хорооны төв байр руу хүчээр нэвтрэхийг оролдож, цагдаа нартай мөргөлдсөн юм. Өнөөдөр өглөөний байдлаар зургаан хүн амь үрэгдэж, 200 гаруй хүн бэртэж гэмтээд байгааг Жакарта хотын дарга мэдээлжээ.

Мөн иргэдийг хүчирхийлэлд турхирсан 20 орчим хүнийг баривчилсан байна. Дөрөвдүгээр сарын 17-нд болсон сонгуульд одоогийн ерөнхийлөгч Жоко Видодо 55 гаруй хувийн саналаар ялсныг Индонезийн сонгуулийн хороо өчигдөр зарласан юм.

Харин түүний өрсөлдөгч, тусгай хүчний генерал асан Прабово үр дүнг хүлээн зөвшөөрөлгүй, өөрийгөө ялагчаар зарласан байна.

Тэр сонгуулийн үр дүнг шалгуулахаар үндсэн хуулийн шүүхэд хандахаа мэдэгдсэн юм. Сонгуулийн дүнг зарласны дараа хүчирхийлэл гарна гэдгийг урьдчилж тооцоолсон засгийн газар нийслэл Жакартад 50,000 цэрэг, цагдаа төвлөрүүлээд байжээ. Мөн Жакартагийн төвд оршин суудаг иргэд мөргөлдөөнд өртөхөөс болгоомжлон хотоос гарч явсан байна.

Прабово Субиантогийн дэмжигчид жагсаалын үеэр Хятадын эсрэг үзэлтэй уриа хашхирч байсан юм. Учир нь одоогийн ерөнхийлөгч Видодог тус улсын хятад гаралтай хүн амд талтай ханддаг, Хятадын хөрөнгө оруулалтад нээлттэй байдаг гэж өрсөлдөгч тал нь шүүмжилдэг ажээ.

 

Эх сурвалж: AFP