Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/05/22-НД НИЙТЛЭГДСЭН

“Дархан-Уул аймгийн хүүхдийн паркийн 15 га газарт нь казино, зочид буудал барих гэж байна”

Т.Саран, iKon.mn
2019 оны 5 сарын 22
iKon.MN
 
Гэрэл зургийг MPA.mn

Дархан-Уул аймгийн хүүхдийн паркийн газарт казино, зочид буудал барихаар Солонгосын компаниар зураг төсөл хийлгэсэн байсан талаар өнөөдөр Дархан-Уул аймгийн Залуучуудын холбоо, “Дарханы төлөө” ТББ хамтран мэдээлэл хийлээ.

Тус аймгийн паркийн 44.5 га газрын 23.4 га-г орон нутгийн удирдлагууд бусдад эзэмшүүлэх шийдвэр гаргаж эхэлжээ. Тухайлбал, тус аймгийн ИТХ дөрөвдүгээр сарын 2-ныхоо хурлаар 8.4 га газрыг орон нутгийн тусгай хамгаалалттай газраас гаргах хууль бус шийдвэр гаргажээ. Энэ талаар Дарханы залуучууд эсэргүүцэл илэрхийлж, шүүхэд хандсан байна. Гэвч ИТХ нь хууль бус шийдвэрээ өөрчлөхөөр дөрөвдүгээр сарын 20-нд хуралдахдаа орон нутгийн тумсгай хамгаалалттай газар нутгийн хэмжээг өөрчлөх тухай мөн л хууль бус шийдвэр гаргажээ.

 
Гэрэл зургийг MPA.mn

Түүнээс гадна паркийн мөн 15 га газарт казино, зочид буудал, үйлчилгээний газар, хороолол бүхий “Darkhan PMP” төсөл явж байгаа талаар иргэнээс мэдээлэл ирсэн байна. Энэ төслийн зураг төсөл нь бэлэн болчихсон бөгөөд судалж үзэхэд БНСУ-ын Сөүл хотод байрлалтай, маш өндөр үнээр ажил гүйцэтгэдэг зураг төслийн компаниар хийлгэсэн нь нотлогджээ. “Энэ нь хэн нэгэн энгийн хүн биш, эрх мэдэлтэй нэгэнтэй холбоотой байх магадлалтай гэсэн хардлага төрүүлж байгаа. Түүнчлэн дээрх хоёр газрын зургийг харахад яг давхцаж, цаг хугацааны хувьд таарч байгаа тул паркийн газарт энэ төслөө хэрэгжүүлэхээр аль хэдийн бэлдсэн, мэдээлэлтэй байгаа нь харагдаж байгаа. Тиймээс бид энэ материалыг АТГ-т өгөх бөгөөд Дархан-Уул аймгийн удирдлагууд болон манай аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүд үүнд холбоотой эсэх талаар тайлбар өгөхийг мэдэгдэхийг шаардаж байгаа” хэмээн Дархан-Уул аймгийн Залуучуудын холбооны тэргүүн Ж.Ганболд хэллээ.

 
Гэрэл зургийг MPA.mn

Дархан-Уул аймгийн залуучуудын төлөөлөл У.Мөнхгайхамшиг “Дарханы парк намайг бага байхад байсан тоглоомуудтайгаа л байгаа. Аймгийн удирдлагууд ирээдүй болсон хүүхэд залуустаа зориулж, хамтраад нэг тоглоом ч нэмээгүй, ядаж номын сан бариагүй байж тэдний муу зүйлд уруу татах казино байгуулах гэж газар олгож байгаа нь харамсалтай. Хэн нэгэн Засаг дарга, хэн нэгэн 76 бидний эрх ашгийг хамгаалахгүй тул залуучууд бид дугарах хэрэгтэй. Хэрэв нэгэнт зөвшөөрөл өгөөд төсөл эхэлчихвэл сүүлд нь мянга яриад, орилоод нэмэргүй гэдгийг Улаанбаатар хотын паркийн газрын жишээ харуулж байна. Тиймээс бид үүний эсрэг тэмцэнэ” гэлээ.