Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/05/22-НД НИЙТЛЭГДСЭН

Ч.Хүрэлбаатар: "Эрдэнэт үйлдвэр"-ийн татварын зөрчилд 33 тэрбум төгрөгийн акт тавьсан

Т.Саран, iKon.mn
2019 оны 5 сарын 22
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Засгийн газраас Эрдэнэт үйлдвэрт хийсэн шалгалтын дүнг хуулийн байгууллагад шилжүүлэхээр болсон талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар мэдээлэл хийж байна.

Шалгалтын явцад авлига, ашиг сонирхолын зөрчилтэй гэж үзэж болох үрэлгэн, зарлагатай асуудлууд илэрсэн хоёр хавтаст материалыг хууль, хяналтын байгууллагад шилжүүлэхээр Засгийн газраас шийджээ.

ШУУД ҮЗЭХ:

https://www.facebook.com/iKonNews/videos/2409217625968350/

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар "Засгийн газрын хуралдаанаар Эрдэнэт үйлдвэрийн 2016-2019 оны бичиг баримтуудад хийгдсэн шалгалтын дүнг хэлэлцлээ. 

Шалгалтаар нийтдээ 39 зөрчил илэрсэн. Заримыг нь танилцуулбал, 2017 онд компанийн бүтцийг өөрчлөх шийдвэр гарсан нь Компанийн тухай хуулийг зөрчсөн гэж үзэж байгаа. Яагаад гэвэл Ерөнхий захирал нь нийгмийн асуудлаа, тэргүүн дэд захирал нь хүний нөөцөө хариуцдаг. Харин хууль эрхзүйн газрын дарга нь  үндсэндээ үйлдвэрлэлийн бүх  үйл явцыг хариуцдаг бүтэц бий болгосон байна. Энэ нь үйлдвэрийн 51 хувийн хувьцаа эзэмшигчийн эрхийг зөрчсөн үйлдэл гэж үзэж байна. 

Ашиг сонирхлын хэд хэдэн зөрчил байна. 2019 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдрийн байдлаар хоёрхон аж ахуйн нэгж Эрдэнэт үйлдвэрээс 17.8 тэрбум төгрөгийн авлагатай байна. Хоёрхон үйлдвэртэй өндөр дүнтэй гэрээ хийсэн байгаа юм. 

Мөн ногдол ашгийг шилжүүлэхдээ татварыг нь төлөөгүй нь тогтоогдсон. 

Нэг гэрээний зөрчил гарсан байна. Тодруулбал, Эрдэнэт үйлдвэр өөрийн хөрөнгөөр томоохон оношилгооны төв бариулчихаад хувийн компанид шилжүүлж өгсөн байна. 

Нийтдээ зургаан төрлийн 33 тэрбум төгрөгийн татварын зөрчил гарч, акт тавьсан. Мөн 2016-2019 онд 2.2 тэрбум төгрөгийн хандив тусламж олгосон байна. Үүнийг буцаан төлүүлэх ёстой гэж үзэж байгаа.

Бас нэг томоохон зөрчил илэрсэн нь экспортлох гэж буй зэсийн баяжмалыг Гаалийн төв лабораториор шинжлүүлдэггүй. Хувийн лабораторитой гэрээ хийж шинжлүүлээд, түүнийгээ үндэслэн татвар төлж байна. 

Худалдан авалтын 2,236 гэрээ байгуулснаас 1,432 гэрээг нь шууд хийсэн бөгөөд үйлдвэрийн захирал хуулиас давсан тушаал гаргаж гэрээ байгуулж байсан нь тогтоогдсон. 

Стандарт банканд 40 сая ам.доллар төлсөн байгаа. Уг төлбөрийг буруутай этгээдээр төлүүлнэ. 

Худалдан авалттай холбоотой шалгалтууд цаашид ч үргэлжилнэ" гэлээ.

Шалгалтын явцад Ерөнхий захирлын тушаалаар худалдан авах онцгой журам гаргаж, сонгон шалгаруулалтгүй худалдан авалтууд хийгдснийг тогтоожээ. Тухайлбал, Дарханы төмөрлөгийн үйлдвэр, Хөтөлийн цементийн үйлдвэрээс өндөр дүнтэй худалдан авалтуудыг шууд хийсэн байгааг Сангийн яамны худалдан авах ажиллагааны газрын дарга хэлэв.

 
Гэрэл зургийг mpa.mn

Ажлын хэсэг "Монголросцветмет" компанид мөн шалгалт хийж, санхүүгийн байдал нь хүнд байгааг тогтоожээ. 70 тэрбум төгрөгийн өөрийн хөрөнгөтэй тус компани одоогоор 68 тэрбум төгрөгийн өр төлбөртэй байгааг ажлын хэсгийн ахлагч хэллээ.