Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/05/22-НД НИЙТЛЭГДСЭН

Энэтхэг эмэгтэй автомашинаа үхрийн баасаар шавжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 5 сарын 22
iKon.MN
Зураг зураг

Тоёота үйлдвэрийн суудлын автомашиныг үхрийн баасаар битүү шавсан байгаа зураг Энэтхэгийн сошиал сүлжээнд өргөн тархжээ.

Тус улсын баруун бүсийн Ахмедабад хотын оршин суугч эмэгтэй агаарын хэт халалтаас хамгаалахын тулд ийм арга бодож олсон байна. Тус хотод сүүлийн өдрүүдэд агаарын температур Цельсийн 45 хэмийг даваад байгаа юм.

Энэтхэгийн зарим бүс нутгуудад агаар хэт халж буй тул эрх баригчид хүмүүсийг өдрийн 10:30-аас 15:00 цагийн хооронд гадагшаа гарахгүй байхыг зөвлөжээ.

Энэтхэгийн хиндү шашинтнуудын дунд ариун амьтанд тооцогддог үхрийн баасыг тусгаарлах чадвар сайтай гэж үздэг. Энэтхэгчүүд байр сууцныхаа хана, шалыг үхрийн баасаар шавснаар хүйтэнд дулаан, халуунд сэрүүн байдаг гэнэ. Үүнээс гадна үхрээс гардаг бусад түүхий эдийн ач холбогдлын талаар янз бүрийн ойлголт Энэтхэгт байдаг.

Өнгөрсөн сард болсон парламентын сонгуульд эрх баригч намаас өрсөлдсөн улс төрч Прагя Сингх Тхакур саяхан өөрийн хорт хавдрыг үхрийн шээс ууж эдгээсэн тухай ярьжээ.

Гэхдээ тус улсын томоохон эмч эрдэмтэд түүний эмчилгээний арга шинжлэх ухаанаар батлагдаагүйг анхааруулсан байна. Уттар Прадеш мужийн захиргаа мужийнхаа долоон дүүрэгт 1,000 хүртэл тооны үхэртэй үхрийн шээсээр эрүүл мэндийн ундаа үйлдвэрлэх үйлдвэр нээх төлөвлөгөө боловсруулсныг саяхан бас хэлэлцэж байв.

 

Эх сурвалж: Reuters