Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/05/22-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Мөнхжаргал: Сүүлийн таван жилд 338 хүүхэд дэлгэцэнд донтох өвчнөөр СЭМҮТ-д ханджээ

Б.Бадмаараг, Үндэсний шуудан
2019 оны 5 сарын 22
Үндэсний шуудан
Зураг зураг

“Хүүхэд хамгаалал чухал" хэмээн эцэг эхчүүд бүр ярьцгаадаг ч тэр бүр хүүхдээ хаана, хэнтэй үерхэж, тоглож яваад нь анхаардаггүйгээс цахим гэмт хэрэгт өртөх, цахим тоглоомын “боол” болох эрсдэл бий болчхоод байгааг албаныхан анхааруулсаар байна. Цахим тоглоомын замбараагүй хэрэглээний талаар Нийслэлийн цагдаагийн газрын Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад Б.Мөнхжаргалтай ярилцлаа.

-Цахим тоглоомын үйл ажиллагаа явуулж байгаа газрууд их байгааг эцэг эхчүүд шүүмжилдэг. Зөвшөөрөлтэй, зөвшөөрөлгүй эдгээр газруудад ямар хяналт тавьдаг юм бэ?

-Нийслэл хотын хэмжээнд цахим тоглоомын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа 302 иргэн, аж ахуйн нэгж байна. Бид үзлэг, шалгалтын ажлыг дүүрэг дэх цагдаагийн хэлтсүүдтэй хамтран тасралтгүй зохион явуулж байна. Улирал бүр энэ чиглэлийн нэгдсэн болон хэсэгчилсэн шалгалт хийдэг. 2019 оны хувьд өнгөрсөн хоёрдугаар сард 14 хоногийн хугацаатай “Цахим тоглоом” хэсэгчилсэн арга хэмжээг зохион байгуулсан.

Хоёрдугаар улирлын үзлэг шалгалтыг мөн өнгөрөгч дөрөвдүгээр сарын 15-аас МХЕГ-ын даргын баталсан удирдамжийн дагуу Онцгой байдлын ерөнхий газар, Хүүхэд, гэр бүл, залуучуудын хөгжлийн газар, Харилцаа холбооны зохицуулах хороотой хамтран цогц шалгалтыг зохион байгууллаа. Гэхдээ энэ бүхнээр шалгалтын ажил дуусдаггүй. Дүүрэг дэх цагдаагийн хэлтсүүд өдөр тутам энэ чиглэлийн шалгалтыг өөрсдийн хариуцсан нутаг дэвсгэртээ зохион байгуулдаг.

-Шалгалт хийлээ гэдэг ч асуудал үүсгээд байгаа гол шалтгааныг нь шийддэггүй юм шиг санагддаг. Шалгалтын явцад бодит үр дүнтэй ямар ажил хийв?

-Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгээс 500 метр дотор зайд интернет, цахим тоглоомын чиглэлээр үйл ажиллагаа явуулахыг хориглох, удаа дараа зөрчил гаргаж бүртгэлийн гэрчилгээг цуцлуулсан иргэн, аж ахуйн, нэгж, байгууллага, барилга, байгууламжид дахин бүртгэлийн гэрчилгээ олгохгүй байх зэрэг саналыг Нийслэлийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газартай хамтран Хууль зүйн яаманд хүргүүлсэн. Энэ төрлийн хууль, эрхзүйн орчныг нь сайжруулах зайлшгүй хэрэгтэй байгаа учраас ийм санал хүргүүлсэн.

-Ямар зөрчлүүд илрүүлэв?

-“Цахим тоглоом” арга хэмжээгээр 78 удаагийн нэгдсэн шалгалтыг зохион байгуулж, давхардсан тоогоор 597 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагаанд хяналт тавилаа.

Цагийн хувиар хэтрүүлсэн 20, насанд хүрээгүй хүнд үйлчилгээ үзүүлсэн найм, цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг үл биелүүлсэн долоо, зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулсан 19 нийт 54 зөрчлийг илрүүлсэн. 157 иргэнийг 5 сая 720 мянган төгрөгөөр торгож, зөвшөөрөлгүй болон стандартын шаардлага хангаагүй 30 газрын үйл ажиллагааг зогсоосон байна. 

Мөн зургаан газрын үйл ажиллагааг түдгэлзүүлсэн. Өнөөдрийн байдлаар /өчигдөр/ нийслэлийн хэмжээнд нийт 285 зөрчлийг илрүүлэн Зөрчлийн тухай хуульд заасны дагуу 56.750.000 орчим төгрөгийн торгуулийн арга хэмжээ авч, 50 орчим иргэн, аж, ахуйн нэгж байгууллагын цахим тоглоомын үйл ажиллагаа явуулах бүртгэлийн гэрчилгээг цуцлуулах саналыг Харилцаа холбооны зохицуулах хороонд хүргүүллээ. Гэвч цагийн хувиар хэтрүүлэн үйл ажиллагаа явуулдаг, насанд хүрээгүй хүнд үйлчилдэг болон бусад төрлийн зөрчил дутагдал эцэслэн таслан зогсоогдохгүй байна.

-Фэйсбүүк хэрэглээнээс болж үр хүүхдээ тоохгүй байх, цахим гэмт хэргүүдэд холбогдох үзэгдэл байсаар. Мэргэжлийн хүний хувьд энэ талаар юу хэлэх вэ?

-Манай улс хүн ам багатай ч интернет, цахим орчинг хэрэглэгчийн Азидаа тэргүүлдэг. Зарим тохиолдолд интернет, цахим орчинд хэт нээлттэй байсны улмаас гэмт хэргийн хохирогч, өртөгч болсоор байна. Өсвөр насны хүүхдүүдийн хувьд аливаа асуудлыг бие даан шийдэх хүсэл зорилготой, бусдыг даган дуурайх сэтгэл зүйн онцлогтой байдаг. Тиймээс өртөмхий.

Мөн интернет, цахим орчинд тоглоом тоглож байгаа 10 хүн тутмын дөрөв нь 14-17 насны өсвөр насныхан байна гэсэн судалгаа гарсан. Нэг үеэ бодоход цахим тоглоомын газарт бага насны хүүхэд үйлчлүүлж байгаа тохиолдол багассан ч эдгээр хүүхдүүд маань өөрсдийн гэр орноосоо ямар ч хяналтгүйгээр энэ төрлийн үйлчилгээг авсаар байна.

Ийм учраас өсвөр үеийнхнийг цахим донтолт, цахим гадуурхлаас урьдчилан сэргийлэх, тэдэнд хууль эрх зүйн мэдлэг олгох чиглэлээр Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв, Хүүхэд гэр бүл, залуучуудын хөгжлийн газар, Монголын сурагчдын хол-боо, Монголын скаутын холбоо, Дэлхийн зөн ОУБ болон бусад төрийн болон төрийн бус байгуул-лагуудтай нягт хамтарч ажилладаг.

-Урьдчилсан сэргийлэлт, хүүхэд хамгааллын ажил чухал гэдэг. Хүүхдийг тоглоомонд донтсон хойно нь чичлэх биш хор уршгийг нь таниулах ажил хийв үү?

-2019 оны эхний улирлын байдлаар давхардсан тоогоор нийтдээ ерөнхий боловсролын 16 мянга орчим сурагч руу чиглэсэн энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ухуулга нөлөөллийн ажил хийсэн. Дан ганц цахим биш өсвөр насны хүүхдийг тодорхой төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр цагдаагийн байгууллагаас маш олон төрлийн ажил арга хэмжээ зохион явуулдаг. Энэ төрлийн ажил арга хэмжээ цаашдаа ч тасралтгүй явагдана.

-Эцэг эх, байгууллагуудын оролцоо ямар байна вэ?

-Ер нь энэ тал дээр манай эцэг, эхчүүд маш хойрго. Эцэг эхчүүдийн хувьд хүүхдийнхээ хэрэгцээг нь хангаж өгснөөрөө хараа хяналт, халамж хайраа тавьж байна гэж андуурдаг. Жишээ нь, сүүлийн үеийн дэвшилтэт технологи бүхий ухаалаг гар утсыг авч өгснөөрөө гэмт хэрэг үйлдэх сэдэл, санаатай этгээдийн анхаарлыг татаж, эд хөрөнгөөрөө хохирол амсахаас гадна бие эд эрхтэн, сэтгэл санааны асар их шаналал амсдаг гэдгийг ойлгох хэрэгтэй.

Мөн хүүхэдтэйгээ найзын хувиар харьцаж, түүнд тулгарсан хүндрэл бэрхшээлийг хамтдаа даван туулах чиглэлээр тогтмол ярилцаж байх хэрэгтэй. Ингэж гэр бүлийн халуун дулаан уур амьсгал бүрдээгүйгээс хүүхэд маш их ганцаарддаг. Ганцаардсан хүүхэд интернет, цахим орчинд нээлттэй байж, хэний ч танихгүй тэр л хүнээс заавар зөвлөгөө авч, амьдралаа ярьж, даган дуурайж, цаашлаад гэмт хэрэгт өртөхөд бэлэн болж байна.

Ээж аавууд өөрсдөө үлгэрлэгч байх хэрэгтэй. Хүүхдээ “гар утас, цахим тоглоомоо боль, хичээлээ хий” гэж шаардчихаад өөрсдөө фэйсбүүкт орчихсон суудаг. Хүүхэд нь хичээл асуухаар завгүй байна гэдэг. Энэ байдлаа өөрчлөх хэрэгтэй. Гэр бүлийн үнэт зүйл бол ухаалаг хэрэглээ биш юм. Бас нэг асуудал нь хүүхдийнхээ хаана, хэнтэй, юу хийж яваа, хэнтэй нөхөрлөдөг, хоорондоо юуны тухай ярилцдаг талаар ямар ч мэдээлэлгүй байна.

-Манай улсад хууль дүрэмгүй гэж хэлж болохоор бизнесийн орчин нь цахим тоглоом. Энэ төрлийн үйл ажиллагаа явуулдаг газруудыг хариуцлагатай болгохын тулд дүрэм, журамтай байх ёстой. Энэ чиглэлийн шинэчлэл хийгдэж байна уу?

-Интернет, цахим тоглоомын газрын үйл ажиллагааг зохицуулах журам нь 2013 онд Засгийн газрын 410 дугаар тогтоолоор батлагдсан бөгөөд түүнээс өмнө цахим тоглоомын газрын үйл ажиллагааг зохицуулж байсан тусгайлсан заалт байгаагүй. Журамд заасны дагуу “Цахим тоглоомын үйлчилгээ үзүүлэх газар нь 23.00 цаг хүртэл үйлчлэх бөгөөд 2.4. 9-16 хүртэлх насны насанд хүрээгүй хүнд зуны улиралд 20.00 цаг, өвлийн улиралд 18.00 цаг хүртэл, өдөрт нэг удаад хоёр цагаас илүүгүй хугацаагаар үйлчилгээ үзүүлнэ” гэж заасан.

Мөн ажлын байрны дотор болон гадна орчинд камерын хяналтын систем суулгасан, энэхүү систем нь 21 хоногоос дээш бичлэгийг хадгалдаг байх шаардлагатай бөгөөд холбогдох хууль тогтоомжоор хориглосон цахим хуудсыг нээдэггүй тохиргооны программ хангамжийг компьютерт суулгасан, хүүхдийн нас, сэтгэхүйд нь таарсан тоглоомыг тоглуулах, хуулиар хориглосон мөрийтэй тоглоом, аллага хүчирхийлэл, садар самуунд сурталчилсан тоглоом тоглуулахыг хориглосон байдаг.

Гэвч энэ нь нэг мөр хэрэгждэггүй. Интернет, цахим тоглоомын газрууд нь өөрсдөө үйл ажиллагааныхаа журмыг баримталдаггүй, цаг хэтрүүлэн ажилладаг, иргэдийн эд зүйлс, бичиг баримтыг барьцаалан авдаг, бэлэн мөнгөөр бус картаар үйлчилгээ үзүүлдэг зэрэг нь хүүхдүүдийг гэмт хэрэг үйлдэж мөнгө олох сэдлийг төрүүлээд зогсохгүй тоглох хүсэл зоригийг нь улам төрүүлж, мөнгө олохын тулд юуг ч хамаагүй хийхэд хүргэж байна. Үүнээс болж хулгай, дээрэм, булаалт, танхайн төрлийн гэмт хэрэг үйлдэгдэхэд нөлөөлж, өсвөр насны хүүхдүүдийг цахим донтолт руу хөтөлж буй хүчин зүйлс болоод байна.

-Энэ олон газруудад зөвшөөрөл олгодог газар нь ямар нэг хариуцлага хүлээхгүй байх шиг?

-Харилцаа холбооны зохицуулах хорооноос бүртгэлийн гэрчилгээ олгож байгаа боловч эргээд тавих хяналт сул, иргэдээс цахим тоглоомын газрыг хаалгахаар ХХЗХ-нд өргөдөл өгсөн ч бие даан шийдэж чаддаггүй. Цагдаагийн байгууллага руу шалгуулахаар шилжүүлдэг асуудлаас болж хугацаа ихээр ордог нь иргэдийг цагдаагийн байгууллага нь цахим тоглоомын газрыг хаалгаж чаддаггүй гэх хий хардалтад хүргэдэг.

-Тоглоомын газрууд зөрчил гаргавал торгууль, шийтгэл нь ямар байдаг вэ?

-Үйлчилгээ үзүүлж байгаа иргэн, аж ахуйн, нэгж байгууллага нь зөрчил гаргасан тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн 10.4.1 дэх заалтаар 50 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгодог. 15.2 дахь заалтаар шаардлага биелүүлээгүй тохиолдолд 250 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож арга хэмжээ авдаг ч цахим тоглоомын газрын нэг өдрийн дундаж орлого 500-1,000,000 төгрөг учир хуульд заасан торгуулийг санаа зовохгүй төлдөг.

Өөрөөр хэлбэл, хариуцлагын түвшин бага. Мөн энэ чиглэлээр үйл ажиллагаа үзүүлж байгаа газар нь үйлчлүүлэгчдээ татахын тулд тусгайлан зассан автомашины зогсоолтой, тоглогчдод зориулсан хурд хүчин чадал сайтай компьютертэй, суудалтай, доторх орчин нөхцөлийн хувьд харилцан адилгүй байна. Мөн нийтлэг илэрдэг зөрчил нь зөрчил гаргасан хаяг байршил дээрээ эзэмшигчийн нэрээ сольж дахин бүртгэлийн гэрчилгээ авч үйл ажиллагаа явуулдаг. Үүнд цагдаагийн байгууллагаас хориг тавих боломжгүй.

-Цахим тоглоомд донтогчдын насны тухайд мэдээлэл өгөөч?

-Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд 2003 оноос цахим донтолтын төрлийн өвчтэй хүүхдүүд хандах болсон. Тэдний 98 хувь нь эрэгтэй хүүхэд байна. 10-17 наснынхан. Сүүлийн таван жилд нийт 338 хүүхэд дэлгэцэнд донтох өвчнөөр Сэтгэцийн эрүүл мэндийн төвд хэвтэн эмчлүүлсэн статистик тоон мэдээлэл байна. 2019 оны эхний улирлын байдлаар 36 хүүхэд цахим донтолтын чиглэлээр СЭМҮТ-өөр үйлчлүүлсэн харамсалтай мэдээлэл байна. Мөн 2018 оны байдлаар Монгол улсад 300 орчим цахим гэмт хэрэг бүртгэгдсэн бөгөөд хохирогчдын 40 орчим хувь нь өсвөр насны хүүхдүүд байгаа нь асуудал.

Зураг