Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/05/21-НД НИЙТЛЭГДСЭН

УИХ-ын гишүүн босож үг хэлдэг болох заалттай хуулийн төслийг байнгын хороо дэмжсэнгүй

А.Ням-Өлзий, iKon.mn
2019 оны 5 сарын 21
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар УИХ-ын дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хоёр хуулийн төслийг хэлэлцэв. 

Х.Нямбаатар нарын гишүүдийн өргөн мэдүүлсэн хуулийн төсөл нь УИХ-ын дэгэд өөрчлөлт оруулах асуудлыг тусгасан бол Я.Содбаатар, Н.Амарзаяа нарын гишүүдийн өргөн мэдүүлсэн хуулиар УИХ-ын дэгийн тухай хуульд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэх журмын нэг бүлэг болгон шинээр нэмж оруулж байгаа юм байна. 

Үндсэн хуульд өөрчлөлт оруулах процессыг Дэгийн хуулиар нарийвчлан тогтоох нь зүйтэй гэж үзэн байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд хэлэлцэхийг дэмжсэн юм. 

Харин Х.Нямбаатар нарын өргөн мэдүүлсэн Дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэнгүй. Гэсэн ч уг хуулийн төслийг УИХ-ын чуулганаар хэлэлцэн, байнгын хорооны дэмжээгүй гэснийг дэмжих эсэхээр санал хураалт явуулах юм.

Байнгын хороон дээр уг хуулийн төсөл дэмжигдээгүй боловч УИХ-ын чуулганаар гишүүдийн олонхыг санал авч магадгүй гэсэн үг. 

Өргөн мэдүүлсэн хуулийн төслийнхөө талаар УИХ-ын гишүүн Х.Нямбаатар дараах тайлбарыг хийсэн юм. 

Тэрбээр “Энэ хуулийн төсөлд Анхдугаар хуралдаантай холбоотой нэлээд өөрчлөлт оруулсан. Анхдугаар чуулганы дэгийг илүү боловсрогуй болгосон. Ерөнхийлөгч Анхдугаар чуулганыг нээж явуулж байгаа нь төлөөллийн ардчиллын зарчимд нийцэхгүй байна гэж үзсэн. Тиймээс Анхдугаар чуулганыг парламент дотроосоо өөрсдөө санаачилгаараа нээх томъёоллыг оруулж ирж байгаа. 

Дэгийн тухай хуульд Ерөнхийлөгч болон Засгийн газрын зүгээс оруулсан хэд хэдэн өөрчлөлт байдаг. Парламентын дархлааг хадгалах зорилгоор Дэгийн тухай хуульд гар хүрэх нь буруу гэсэн саналыг зарим гишүүн гаргаж байсан. Тиймээс зөвхөн парламентын гишүүд Дэгийн тухай хуулийг санаачилна гэж оруулсан

Хоёрдугаарт, иргэдийн оролцоог хууль тогтоох үйл ажиллагаанд нэмэгдүүлэх зарчим баримталсан. Энэ үүднээс салбарын судлаач эрдэмтэн, иргэд, мэргэжил сонирхлын бүлэг зарчмын зөрүүтэй саналын томъёоллоо холбогдох байнгын хороодод ирүүлж байх түүнийг нь байнгын хороод санал хураалтаар эцэслэн шийдвэрлэж, хуулийн төсөлд тусгах зүйлийг оруулсан. 

Хамгийн гол нь УИХ-ын гишүүд хуулийн төсөл дээр ажиллах биш ажлын дэд хэсгийн боловсруулж өгсөн зарчмын зөрүүтэй саналыг нэг, хоёрдугаар хэлэлцүүлгээр эцэслэн шийдвэрлэж, түүндээ асуулт асууж, хариулт авч явах юм. Ингэснээр хууль тогтоогчдын хуулийн төсөлтэй нэг бүрчлэн танилцах боломж нь илүү нэмэгдэнэ. 

Хуралдааны дэгийг илүү нарийвчилж өгсөн. Мөн хуулийн төслийг чуулганы хуралдааны танхимд өргөн мэдүүлдэг байх заалт оруулсан. Хуулийн төслийг өргөн мэдүүлэхдээ ёслол төгөлдөр байх ёстой” хэмээн тайлбарласан юм. 

Дэгийн тухай хуультай хамт өргөн мэдүүлсэн УИХ-ын тухай хуульд Дотоод асуудлын, Хүний эрх иргэний боловсролын байнгын хороо байгуулах асуудлыг тусгасан байна. Ингэснээр ажлын хэсэг байгуулахгүйгээр УИХ-ын байнгын хороод өөрсдөө хуулийн төсөл дээрээ нэг бүрчлэн хэлэлцүүлэг зохион байгуулдаг жишиг рүү ойртоно гэж хууль санаачлагг үзжээ. Уг хуулийн төсөлд нийтдээ 49 өөрчлөлт оруулсан байна. 

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат “Дэгээ сайжруулья гэж байгаатай санал нийлж байна. УИХ-ын гишүүн заавал босож үг хэлэх ёстой юу. Сууж байгаад үг хэлснээс босож үг хэлбэл хариуцлага сайжрах уу. Өнгөрсөн парламентад С.Ганбаатар гишүүн байнга босож үг хэлдэг байсан. Түүнийг хариуцлагагүй, популист үг хэлдэг байсан гэж яриад л байгаа. Сууж, босож үг хэлэхэд ямар ялгаа байна вэ. 

Хоёрдугаарт, энэ дэгээр хөдөөгийн тойргоос сонгогдсон гишүүд их зовлонтой болох юм байна. Яагаад гэвэл хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан хуралдаан даргалагчид урьдчилаад саналаа өгөх юм байна. Интернэт, сүлжээгүй тойрогтоо ажиллаад, хөдөө явж байгаа хүн үг хэлэхийн тулд яаж долоо хоногийн өмнө саналаа өгөх вэ. Гадаадад томилолтоор явж байгаа нь интернэтээр өгчих байх” гэсэн юм. 

Харин УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат "Олон удаа өөрчлөгдсөн Дэгийн тухай хуулийг одоо цоо шинэ хууль болох болсон. Гишүүн болгон сэтгэлийн хөөрлөөрөө хууль өргөн барьдаг. Тэр нь амьдралд хэрэгждэггүй байдлыг энэ хууль чинь бий болгох гээд байна. 

УИХ-ын гишүүн бол иргэдийн төлөөлөл. Тиймээс гишүүний саналыг нь чангалах, үг хэлэх эрхийг хязгаарлаж дэглэдэг зүйл рүү оруулж болохгүй. УИХ-ын гишүүнд үг хэлэх, санал өгөхгүй байх эрх нь нээлттэй байх ёстой. 

Х.Нямбаатар нарын гишүүдийн өргөн барьсан хууль хүлээс болох гэж байна. Их хурлын тамга ширээний баруун талд байх уу, зүүн талд байх уу гэдгийг дэглэж яах гээд байгаа юм бэ. Энэ хэнд хэрэгтэй юм. 

Асуудлыг гол нь хууль боловсруулах чадвар, хуулийг хэлэлцэх асуудалд нь учир дутагдалтай байгаа учраас энэ тал руугаа анхаарах ёстой. Энэ хуулийн төсөлд яг энэ асуудал огт тусгагдаагүй. Хуулиа чанартай гаргахын тулд хэлэлцдэг зарчмаа өөрчилье. Хоёр удаагийн хэлэлцүүлэг чинь багадаад байна. Дотоод хэлэлцүүлэг, ердийн хэлэлцүүлэг, хаалттай хэлэлцүүлэгтэй болъё, хуулийн популист маягаар ярьдагаа больё гэж байгаа юм. 

Гэтэл энэ хуульд ширээнийхээ энэ талд суух ёстой, үг хэлэхдээ гараа өргөх ёстой, тэдэн минутад үг хэлэх ёстой, хугацаа нь хэтэрвэл тийм хариуцлага хүлээлгэнэ гэсэн байна. Асуудал энэнд байгаа юм биш шүү дээ” гэлээ.