Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/05/21-НД НИЙТЛЭГДСЭН

М.Такаока: Боловсролын систем эдийн засагт том өөрчлөлт авчрах боломжтой байна

Б.Жаргалмаа, IKON.MN
2019 оны 5 сарын 21
iKon.MN
 
Гэрэл зургийг MPA.mn

Монгол Улсын гадаад худалдааны эргэлт 2018 онд 12.9 тэрбум ам.долларт хүрсэн нь ДНБ-ээс давсан үзүүлэлт. Үүнээс 7.0 тэрбум нь экспорт бөгөөд сүүлийн гурван жилд экспорт 20 хувь өсжээ. Гадаадын шууд хөрөнгө оруулалт мөн гурван жил дараалан өссөн байна. Гэвч манай улс нийт 150-аад улстай гадаад худалдаа хийж байгаагийн 80 хувь нь зөвхөн ОХУ, БНХАУ-тай хийж буй бол нийт экспортын 90 гаруй хувь нь урд хөрш руу гарч байгаа нь гадаад худалдаа хоёр улсаас л хамааралтай байгааг онцлов. Түүнчлэн эдийн засаг бүхэлдээ уул уурхайн салбараас хэт хамааралтай байгааг бид олон жил ярьсан.    

“Гадаад худалдаа, хөрөнгө оруулалтын орчин ба сорилт” хэлэлцүүлгийг ГХЯ, Монголбанк өнөөдөр хамтран зохион байгуулсан бөгөөд эрдэмтэн судлаачид, Монгол дахь ЭСЯ-д, олон улсын байгууллагууд, хөрөнгө оруулагчид оролцсон юм. Хэлэлцүүлгээр Монгол Улсын эдийн засаг, хөрөнгө оруулалт, гадаад худалдааны нөхцөл байдлыг танилцуулаад Монгол Улсад гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, гадаад худалдааг илүү өргөжүүлэх замаар эдийн засгаа хэрхэн тэлэх боломжийн талаар хэлэлцсэн юм.



Оролцогчид Монгол Улсын уул уурхайн бус салбараас 

  • ХАА
  • Сэргээгдэх эрчим хүч
  • Аялал жуулчлалын салбарт хөрөнгө оруулагчдын сонирхол өндөр байгааг онцолж байв.   

Хэлэлцүүлгийн үеэрх олон улсын байгууллагуудын төлөөлөл болон Элчин сайд нарын дурдагдсан гол гол эшлэлүүдийг хүргэе.

"Сайн хөрөнгө оруулагчдыг татахын тулд бизнест нээлттэй орон гэдгээ харуулж, бүр зарлах хэрэгтэй"

 
Гэрэл зургийг MPA.mn

ОУВС-ийн Монгол Улс дахь суурин төлөөлөгч Нэйл Сакер:

  • Монгол Улсын эдийн засаг олон улсын байгууллагуудын тусламжтайгаар хямралаас гарч, ОУВС-ийн түүхэнд байгаагүй эерэг үзүүлэлтүүдийг богино хугацаанд гаргаж чадсан. Харин дараагийн хийх чухал алхам нь эдийн засгийн өндөр өсөлтийг олон нийтэд тэгш хүртээмжтэй болгож, инфляцыг бага түвшинд байлгах. Мөн эдийн засаг, экспортыг төрөлжүүлэх. 
  • Эдийн засгийн өсөлт өндөр байхад төсвийн зардлаа дагаад нэмэгдүүлэх нь импортыг хэт өсгөдөг. Энэ өсөлт нь эргээд төсвийн алдагдалд хүргэнэ. 
  • Засаглалын хээл хахуулийг олон улсын байгууллагууд анхааралтай ажиглаж байдаг. Засаглал л сайн биш бол эдийн засгийн өндөр өсөлт гаргах хэцүү. 
  • Сайн хөрөнгө оруулагчдыг татахын тулд бизнест нээлттэй орон гэдгээ харуулж, бүр зарлах хэрэгтэй. Гадаадын хөрөнгө оруулагчдын үйл ажиллагааг шууд хаах зэрэг нь сөрөг үйлдэл. 
  • Монгол Улс малын эрүүл мэндээ сайжруулах төслийг Европын холбоотой хамтран шийдэж чадвал бяслаг, сүү гэх мэт онцгой өрсөлдөх чадвартай бүтээгдэхүүнүүдээ экспортлох боломж бүрдэнэ. 
  • Өрсөлдөх чадвар өндөр байснаар бүтээмж нэмэгдэж, үйлдвэрлэл өсөж, нийт эдийн засагт эерэг үр дүн авчирна. Үүнд жишээ нь Монголын ноолуурын аж үйлдвэр багтана.
  • Монгол Улс далайд гарцгүй ч газар зүйн байршлын хувьд дэлхийн хамгийн өндөр өсөлттэй БНХАУ-тай хаяа залган байна. Мөн Япон, Хонг Конг, БНСУ зэрэг Азийн хөгжиж буй том зах зээлүүдтэй ойр байгаа давуу талаа ашиглах хэрэгтэй. 

"Монголын хөрөнгө оруулалтын хууль эрх зүй хөрөнгө оруулагчдыг урамшуулж чадахгүй байна"

 
Гэрэл зургийг MPA.mn

Австрали улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Дэвид Мэтью Восэн:

  • Австрали улс эдийн засгаа төрөлжүүлэх талаар хэрэгжүүлсэн бодлогын онцлог нь сайн бодлого боловсруулж, тууштай байж, нэг салбар бус нийт макро бодлогоо бүхэлд нь уялдуулж авч үзсэн туршлага нь чухал.
  • Уул уурхайн салбар дотроо ч төрөлжилт чухал бөгөөд бараа бүтээгдэхүүн, үйлчилгээг хамтад нь хөгжүүлэх шаардлагатай. 
  • Тээврийн салбараа хөгжүүлэхэд анхаарах нь эдийн засгийн боломжид хүргэнэ гэж хардаг. 
  • Монголын хөрөнгө оруулалтын хууль эрх зүй хөрөнгө оруулагчдыг урамшуулж чадахгүй байна. Гэрээ байгуулсан бол түүнийгээ хэрэгжүүлэх нь чухал.  

"Мега төслүүдийн талаар улс төржих нь иргэдийг зөв мэдээлэл авч чадахгүй байдалд хүргэдэг"

 
Гэрэл зургийг MPA.mn

“Оюу толгой” компанийн Гүйцэтгэх захирал Армандо Торрес:

  • Эдийн засгийг төрөлжүүлэхэд өрсөлдөх чадвар чухал. Харин урт хугацаанд эдийн засгийн тогтвортой өсөлтөд төр, хувийн хэвшил хамтран ажиллах хэрэгтэй. Ялангуяа, төр засгийн гаргаж буй бодлогын шинэчлэлт, хууль, эрх зүйн өөрчлөлт нь компаниудын үр ашигт нөлөөлөхүйц байвал Бизнесийн зөвлөл, Уул уурхайн ассоциац, МҮХАҮТ гэх мэт хувийн хэвшлийн байгууллагуудтайгаа хэлэлцэж, хамтран ажиллах хэрэгтэй. 
  • Гэрээний үүрэг, хариуцлагын талаар бүрэн итгэлтэй байх нь чухал. Итгэсний үндсэн дээр хөрөнгө оруулдаг. Хэрэв гэрээнд өөрчлөлт гарвал төсөл үргэлжлэхгүй байх эрсдэлтэй. Тиймээс хамтраад, уулзаад, ярилцаад үр өгөөжийг нэмэгдүүлэх талаар ажиллах нь зүйтэй. 
  • Мега төслүүдийн талаар улс төржих нь иргэдийг зөв мэдээлэл авч чадахгүй байдалд хүргэдэг. 
  • Бид мал аж ахуйн загвар төсөл бий болгохоор судлаад ажиллаж буй. Ингэснээр маш чанартай сүү, мах, ноолуур экспортлох боломж бүрдэнэ. Энэ загвараа бусад орон нутагт хөгжүүлэх сонирхол байна. 
  • Монгол Улсын хувьд МАА маш их нөөцтэй салбар. Одоогийн байдлаар аюулгүй ажиллагаанд зориулсан арьсан бээлийг гадаад зах зээлд нийлүүлэх бүрэн боломж байна. 

"Хөрөнгө оруулагчид засаглал, ялангуяа шүүх засаглалыг хардаг"

 
Гэрэл зургийг MPA.mn

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Филип Малон:

-Их Британийн хөрөнгө оруулагчид хамгийн түрүүнд тухайн орны 

  • эдийн засгийн тогтвортой байдал
  • Улс төр буюу засаглалын тууштай, тогтвортой байдал
  • Боломж
  • Бизнесийн салбарын ээлтэй байдал зэргийг голчлон харсны үндсэн дээр хөрөнгө оруулдаг. 

-Засаглал, ялангуяа шүүх засаглалд улс төрийн оролцоо байгаа эсэх, ил тод байдал, игэдийн эрх ашгийг хамгаалж байгаа байдал нь маш чухал. 

-Гадны бизнесийн байгууллагын ашгийг төр шууд хурааж авах нь гадаадын хөрөнгө оруулалтад маш сөрөг. Хөрөнгө оруулаад үйл ажиллагаа явуулж байгаа байгууллага олсон ашгаа өөрийн улс руугаа шилжүүлэхийг хүснэ. Энэ бол чухал.

"Нэгэнт Монголын компани Японы зах зээлд нэвтэрч чадсан бол тэр бүтээгдэхүүн дэлхийн бусад бүх улсад гарах боломжтой"

 
Гэрэл зургийг MPA.mn

Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.Такаока:

  • Монгол Улсад хөрөнгө оруулах сонирхол маш их байдаг. 
  • Боловсролын систем эдийн засагт том өөрчлөлт авчрах боломжтой байна. 
  • Япон улс 1,000 инженер бэлтгэхэд дэмжиж ажиллаж байгаа. Тус хөтөлбөрт хамрагдсан нэг охин Токиогийн Коэсон их сургуулийн хамгийн шилдэг оюутан болж, түүнд маш олон байгууллагаас санал ирсэн. 
  • Японд суралцаад Монголдоо ирсэн хүний нөөцийг Японы хөрөнгө оруулагч компаниуд авч ажиллах сонирхолтой байдаг. 
  • Аж үйлдвэрийн салбар, тэр дундаа робот үйлдвэрлэхтэй холбоотой зарим жижиг эд ангийг Монголоос нийлүүлэх боломжтой. 
  • Эдийн засгийн түншлэлийн давуу талыг компаниуд ашиглах хэрэгтэй. Энэ хэлэлцээр зөвхөн мөнгөнөөс гадна олон давуу тал олгоно.  
  • Нэгэнт Монголын компани Японы зах зээлд нэвтэрч чадсан бол тэр бүтээгдэхүүн дэлхийн бусад бүх улсад гарах боломжтой болно.