Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/05/21-НД НИЙТЛЭГДСЭН

"Арьс, ширний үйлдвэрүүдийн их бохирдолтой усыг Төв цэвэрлэх байгууламж хүлээж авахгүй"

Г.Номин, iKon.mn
2019 оны 5 сарын 21
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

2018 оны гуравдугаар сард Засгийн газрын тогтоол гарч, үйл ажиллагаандаа химийн бодис ашигладаг үйлдвэрүүдэд дэргэдээ урьдчилан цэвэрлэх байгууламжтай болох үүрэг өгсөн.

Энэ дагуу жил гаруйн хугацаанд БХБЯ-наас үйлдвэрүүдийн удирдлагуудтай хэд хэдэн удаагийн уулзалт, хийж урьдчилан цэвэрлэх байгууламжийн талаар зөвлөгөө зөвлөмж өгчээ. Ингээд тогтоолын хэрэгжилтийг хангах үүднээс энэ сарын 15-наас эхлэн ААН-үүдийн бохирдол ихтэй усыг төвлөрсөн шугам сүлжээнд нийлүүлэхийг хориглосон байна.

Энэ талаар БХБЯ-ны Нийтийн аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга О.Лхагвацэдэн "Арьс шир ноос ноолуур боловсруулах үйлдвэрүүд химийн бохирдол ихтэй стандарт хэмжээнээс 4-7 дахин их бохирдолтой усыг төв цэвэрлэх байгууламж руу нийлүүлдэг учраас дэргэдээ урьдчилан цэвэрлэх байгууламж барьж байгуул гэх шаардлагыг тогтоол гарснаас хойш удаа дараа тавьж ирсэн.

Мөн мэргэжлийн хяналтын байгууллагатай хамтран ажиллаж байна. Мэргэжлийн хяналтын байгууллагаас урьдчилан цэвэрлэх байгууламжгүй, бохирдол ихтэй ус нийлүүлж байгаа үйлдвэрүүдийн үйл ажиллагааг зогсоогоод байгаа. Тэдгээр үйлдвэрүүд өөрсдийн технологид таарсан урьдчилан цэвэрлэх байгууламжаа барьчихвал үйл ажиллагаагаа эргээд явуулах боломжтой.

Ямартай ч стандартад зааснаас их бохирдолтой усыг төв цэвэрлэх байгууламж хүлээж авахгүй. Үйлдвэрүүд бохир усаа стандартад заасан хэмжээнд цэвэршүүлсэн тохиолдолд асуудалгүй авах бөгөөд энэ үйл явцад мэргэжлийн хяналтын байгууллага хяналтаа тавиад явна" гэлээ.

28 арьс ширний үйлдвэрийн бохир усыг хүлээн авч, химийн бодисуудыг саармагжуулан Төв цэвэрлэх байгууламжид нийлүүлдэг Харгиа цэвэрлэх байгууламж хэт хуучирч, элэгджээ. Үүнээс үүдэн химийн бохирдлыг стандартад заасан хэмжээнд хүртэл саармагжуулж чадахгүй байгаа аж.

Харин Төв цэвэрлэх байгууламж нь ахуйн бохирдлыг л цэвэрлэх зориулалттай учраас лагийн бүтцийг өөрчилж, үнэрт хүртэл нөлөө үзүүлж байгааг О.Лхагвацэдэн дарга хэлж байв.