Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/05/21-НД НИЙТЛЭГДСЭН

"Төрийн өмчийн цэцэрлэгүүд хүчин чадлаасаа хэтэрсэн хүүхэдтэй байгаа нь халдварт өвчин тархах нөхцөлийг бүрдүүлж байна"

Б.Даваабазар, iKon.mn
2019 оны 5 сарын 21
iKon.MN
Зураг зураг

НМХГ-аас төрийн болон төрийн бус өмчийн сургуулийн өмнөх боловсролын байгууллага, цэцэрлэгүүдэд хийсэн төлөвлөгөөт хяналт шалгалтын тухай өнөөдөр мэдээлэл хийлээ.

НМХГ-аас хяналт шалгалтын явцад шаардлага хүлээн аваагүй, тусгай зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа явуулж байсан зарим цэцэрлэгт тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх саналыг Нийслэлийн боловсролын газарт хүргүүлэн ажиллажээ.

Хяналт шалгалтын талаар Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Эрүүл мэнд, боловсрол соёлын хяналтын хэлтсийн дарга Д.Цэнд-Аюуш "НМХГ-аас 2019 онд нийт СӨБ-ын 282 байгууллагад төлөвлөгөөт хяналт шалгалтаар зарласан. Эдгээрийн 274 байгууллагад нь буюу 97 хувьд нь төлөвлөгөөт хяналт шалгалтыг хийлээ.  

Хяналт шалгалтын явцад давхардсан тоогоор 2,860 зөрчил, дутагдал илэрсэн. Илэрсэн зөрчил, дутагдлыг арилгуулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэн зөвлөгөө өгч, улсын байцаагчийн 128 албан шаардлагыг зөрчлийн тухай хуульд үндэслэн хүргүүлж ажилласан. Мөн илэрсэн зөрчилд Зөрчлийн тухай хуулийг үндэслэн 114 албан тушаалтанд 44 сая 55 мянган төгрөгийн торгууль ногдуулан бүрэн барагдуулсан.

Төлөвлөгөөт хяналт шалгалтын явцад СӨБ-ын байгууллагуудад нийтлэг алдаа зөрчил, анхаарал татсан хэд хэдэн зөрчил байлаа. 

Тухайлбал, Боловсролын хяналтын чиглэлээр 109 байгууллага шалгахад:

  • 32 цэцэрлэг нь шалгалтын явцад тавьсан нөхцөл шаардлагыг биелүүлээгүй,
  • 25 цэцэрлэг мэргэжлийн эрхлэгчгүй,
  • 58 цэцэрлэг мэргэжлийн багшгүй 
  • Төрийн бус өмчийн 36 цэцэрлэг буюу 50 хувь нь зориулалтын байргүй
  • Хувийн цэцэрлэгүүдийн 40-50 хувь нь зориулалтын бус байранд үйл ажиллагаа явуулсан
  • Төрийн бус өмчийн 71 цэцэрлэг хөгжим болон биеийн тамирын заалгүй байгаа зэрэг нь сургалтын хэвийн үйл ажиллагаа явуулах орчин  нөхцөлийг бүрдүүлээгүй байсан нь шалгалтын явцад илэрсэн.

Хяналт шалгалтаар илэрсэн 1,799 зөрчлийн 614 нь боловсролын чиглэлээр, үлдсэн нь сургалтын орчинтой холбоотой зөрчил илэрсэн. Энэ нь сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудын сургалтын орчин хэвийн үйл ажиллагаа явуулахад шаардлага хангахгүй байгаа нь төлөвлөгөөт шалгалтаар илэрсэн.  

Мөн төрийн өмчийн цэцэрлэгүүдийн 15 хувийнх нь барилга байгууламж нь муудаж, засвар үйлчилгээ хангалтгүй хийгдсэн байдал нь хүүхэд эрүүл аюулгүй орчинд сурч хүмүүжихэд сөргөөр нөлөөлж байна. Дээрээс нь төрийн өмчийн цэцэрлэгүүд хүчин чадлаасаа 1.5-2.5 дахин их хүүхэд хүлээн авч, анги бүлгийн нягтрал ихэссэн. Үүнтэй холбоотойгоор ариун цэврийн нэг тоноглолд ногдох хүүхдийн тоо эрүүл ахуйн нормоосоо 0.5-2 дахин их байгаа нь халдвар хамгааллын дэглэм алдах, бага насны хүүхдийн дунд халдварт өвчин тархах, багш ажилчдын хөдөлмөрийн чадварт сөргөөр нөлөөлөх нөхцөл бүрдүүлж байгаа нь шалгалтаар илэрсэн" хэмээн хэллээ.