2019/06/16
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,654.41₮
B30
УЛААНБААТАР
20°
|
11°
B30
УЛААНБААТАР
22°
|
11°
B30
УЛААНБААТАР
26°
|
11°
14:00
S30
18°
15:00
S30
18°
16:00
S40
17°
17:00
S26
17°
18:00
S40
16°
19:00
S40
15°
20:00
S26
15°
21:00
S29
14°
22:00
S26
13°
23:00
S29
13°
00:00
S29
12°
01:00
S40
12°

Б.Батболд: Хууль бус фэйсбүүк хуудсыг хаах эрх "Фэйсбүүк" компанид л бий

О.Дашням, Өдрийн сонин
2019 оны 5 сарын 21
Өдрийн сонин
Гэрэл зургийг mpa.mn

Эрүүгийн цагдаагийн албаны кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн эрүүгийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад Б.Батболдтой ярилцлаа.

-Цахим орчинд олны танил жүжигчин, дуучдын нэрийг ашиглаж фэйж хуудас нээж хандалт авах тохиолдол олон болжээ. Энэ нь эргээд тухайн хүмүүсийн нэр төрд сөргөөр нөлөөлдөг. Ийм төрлийн фэйж хуудасны ард байдаг админуудад ямар хариуцлага тооцдог вэ?

-Монгол Улсын хэмжээнд цахим орчинд фэйсбүүк групп, фэйж хуудсууд хэдэн зуун мянга байдаг. Үүнээс хуурамч нь ч олон мянга бий. Үүнд судалгаа хийнэ. Гэхдээ фэйж хуудасны ард хэн байгааг тогтооход их ажиллагаа ордог. Олны танил хүмүүсийн нэр барьж нэр төрд халдсан хуурамч мэдээ, мэдээлэл цуглуулж хандалт авах тохиолдол элбэг байна. Бид эхний ээлжид энэ асуудлын зорилго нь юу гэдгийг шалгаж тогтоодог.

Жишээ нь, олны танил улстөрч, дуучин, жүжигчин гэх мэт нэр алдартай хүмүүсийн нэрээр хаяг нээгээд мэдээлэл тавьдаг. Мэдээлэлд нь дүгнэлт хийнэ гэсэн үг л дээ. Тухайн хүнийг доромжилсон мэдээлэл байна уу, эсвэл лайк шэйр цуглуулах мэдээлэл байна уу гэдгийг тогтооно. Доромжилсон, нэр төрд халдсан, худал ташаа мэдээлэл тараах зорилготой мэдээлэл агуулагдсан бол Зөрчлийн тухай хуулийн 6.21 дүгээр зүйлд зааснаар хэрэг үүсгэж дүүргүүдийн цагдаагийн хэлтсүүдэд шалгадаг.

-Нэр алдартай хүмүүсийн нэрийг барьж бусдаас мөнгө залилсан тохиолдол гарч байсан шүү дээ. Энэ тохиолдолд яах вэ?

-Хүний нэр барьж бусдаас мөнгө төгрөг нэхсэн, мэхэлсэн, залилах гэмт хэргийн шинжтэй байвал Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлд заасны дагуу хэрэг бүртгэл нээж шалгана. Тухайн тавигдсан мэдээллийн агуулгыг нягталж үзнэ. Зөрчлийн шинжтэй байна уу, гэмт хэргийн шинжтэй байна уу гэдгийг тогтооно.

Иргэд лайк, шэйр цуглуулж байгаа асуудал нь google лицензид бүртгүүлээд данс нээчихсэн хандалтын тоогоор мөнгө авдаг. Ийм зорилгоор иргэд янз бүрийн мэдээлэл хийгээд хандалт авахыг зорьж байгаа болов уу гэж харж байна. Гүтгэсэн, доромжилсон мэдээлэл агуулагдаагүй, хандалтын тоо өсгөх зорилготой мэдээллүүд яваад байна.

-Олны танил хүмүүсийн талаар худал мэдээллийг хандалт авах зорилгоор ашиглахад тухайн иргэн ямар нэгэн хариуцлага хүлээхгүй юм уу?

-Сүүлийн үед жишээ татахад “Манай гэр бүлд онцгой явдал тохиолдлоо, та энэ хаягт хандана уу” гэх утга бүхий материалууд их явж байгаа. Уншиж судлаад зөрчил, гэмт хэргийн шинжийг нь тодорхойлно.

-Иргэн бүр л цахим хаягтай болсон байна. Үүнийг ашиглаж хувийн хаягт халдаж залилах гэмт хэрэг үйлдэх тохиолдол олон гардаг. Үүнийг халдлагаас хэрхэн хамгаалах вэ?

-Фэйсбүүк хаяг алдагдаж байгаа хэд хэдэн тохиолдол байна. Энгийн жишээ нь манайхан нэвтрэх нэр, нууц үгээ утасны дугаараар хийчихээд байдаг. Ийм төрлийн хаяг халдлагад өртөх тохиолдол эрс нэмэгдэж байгаа. Халдсан этгээдүүд хувийн чатыг нь уншиж мэдээлэлтэй нь танилцаж судалгаа хийдэг. Хэн хэнтэй мөнгө төгрөг авч харилцдаг талаарх мэдээллийг нь олно. Ингээд мөнгө салгахаар зурвас бичнэ. Энэ нь залилах гэмт хэрэг.

Мөн фэйсбүүк хаягийн нэвтрэх нэр, нууц үгийг хууль бусаар олзолж авах зорилгоор хортой кодыг шинээр зохиогоод линкийг нь иргэдэд.илгээдэг. Линкэндээ сонирхолтой гарчиг өгч байгаа юм л даа. “Та урьд насандаа ямар хүн байсан бэ", “Одод таны талаар юу хэлэв”, “Таны талаар сонирхолтой мэдээлэл нийтэлсэн байна” гэх зэргээр. Тухайн линк рүү нь ороход та фэйсбүүкээсээ гарчихдаг шүү дээ.

Нэвтрэх нэр, нууц үгээ дахин хийгээд ороход хортой код илгээсэн хүний компьютерт таны нууц мэдээлэл автоматаар очдог. Ингээд л та нэвтрэх нэр, нууц үгээ алдчихаж байгаа юм. Энэ бол цахим халдлага.

Иргэд анхааруулаад байхад л хайхрамжгүй байдлаасаа болж л халдлагад өртөж байгаа юм л даа. Гар утсандаа фэйсбүүк хаягаа нээлттэй орхичихоод,өнөөхөө хулгайд алддаг. Энэ түгээмэл ажиглагддаг тохиолдол. Үүнээс урьдчилан сэргийлэх арга нь нэр, хаяг нь тодорхойгүй хүнээс ирсэн сэжиг бүхий линк рүү орохоос эрс татгалзах хэрэгтэй. Иргэд тухайн линк рүү нэвтэрч “Би урьд насандаа тийм хүн байсан байна, тэр миний талаар ингэж хэлсэн байна" гэх мэтийг цахим хаягтаа нийтэлсэн байгаа нь харагддаг. Тухайн иргэний хувийн аккаунт цахим халдлагад өртсөн байх эрсдэлтэй гэсэн үг.

Мөн фэйсбүүкийнхээ нэвтрэх нэр, нууц үгийг тоо үсэг, тэмдэгт оролцуулж тайлахад хэцүү байдлаар хийх хэрэгтэй. Гэхдээ өөрөө мартаж болохгүй. Иргэд ихэвчлэн гар утасны дугаараараа нэвтрэх нэр, нууц үгээ бүртгүүлчихээд байдаг. Үнэхээр алдаад нэг өдөр таны ах, эгч ойр дотны хэн нэгэн мөнгө хүсээд ороод ирэхэд урьдчилан сэргийлж, гар утсаар ч юм уу, дуудлага хийж баталгаажуулах шаардлагатай. Дараа нь мөнгөө шилжүүлнэ. Анхаарах асуудал нь манайхан хэнийх нь тодорхойгүй данс руу нь мөнгө шилжүүлчихээд байдаг. Шилжүүлэг хийхэд ч хялбар, гар утаснаасаа л хийдэг болчихсон шүү дээ.

-Цахим орчинд янз бүрийн нэртэй бүлгэмүүд (групп) байдаг. Садар самуун сурталчилсан, хууль бус худалдаа наймаа эрхэлдэг гэх мэт. Ийм төрлийн бүлгэмүүдтэй хэрхэн тэмцдэг вэ?

-Тодорхой гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийн тулд нэгдсэн арга хэмжээг зохион байгуулдаг. 2018 онд “Unfriend” нэртэй аяныг өрнүүлсэн. Энэ аяны хүрээнд үүсгэсэн “Хар жагсаалт” (Blacklist) нэртэй хуудас, бүлгэмийг нээсэн. Энэ хаяг руу тухайн хууль бус үйл ажиллагаа явуулж буй бүлгэм болон, фэйж хуудсуудын линк мэдээллийг илгээж болно. “Санхүү өгнө, авна”, “Санхүүгийн туслалцаа үзүүлье” гэх мэт нэртэйгээр үйл ажиллагаа явуулдаг бүлгэмүүд байдаг.

Эрүүгийн цагдаагийн албаны кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст бүлгэм, фэйж хуудсуудыг устгах эрх байдаггүй. Фэйсбүүк компанид өөрт нь л байдаг. Иргэд өөрсдөө тухайн хууль бус үйл ажиллагаа явуулж буй бүлгэм, фэйж хуудсуудад репорт хийж болно. Репорт хийснээр Фейсбүүкээс хаадаг.

-Танайд хаах эрх нь байдаггүй юм байна шүү дээ. Тэгвэл хууль бус үйл ажиллагаа явуулж буй бүлгэм, фэйж хуудсуудын мэдээллийг цуглуулаад ямар арга хэмжээ авдаг юм?

-Би яриандаа “Хар жагсаалт” (Blacklist) бүлгэм, фэйж хуудас байдаг талаар дурдсан. Энэ хуудас 16 мянга орчим дагагчтай. Хууль бус үйл ажиллагаа явуулж садар самуун сурталчилж байгаа хуудсуудыг дагагч гишүүд репорт хийхэд фэйсбүүк компаниас устгадаг. Уриалах үйл ажиллагаа явуулдаг. Садар самууныг сурталчлах, цахим орчинд биеэ үнэлэхийг зохион байгуулах хэргийг Эрүүгийн хуулиас хасаад Зөрчлийн хуулиар зохицуулдаг болсон. Энэ нь цахим орчинд энэ төрлийн үйл ажиллагаа явуулдаг бүлгэм олшроход нөлөөлсөн болов уу гэж боддог юм. Өөрөөр хэлбэл гэмт хэргийн шинжгүй гэж үзсэн л дээ.

x