Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/05/21-НД НИЙТЛЭГДСЭН

“Game of Thrones” цувралын жүжигчид үзэгчидтэйгээ салах ёс гүйцэтгэжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 5 сарын 21
iKon.MN
Зураг зураг

Найман жил үргэлжилсэн телевизийн салбарын хамгийн том цуврал бүтээл “Game of Thrones” өчигдөр албан ёсоор өндөрлөлөө. Уг бүтээлийн сүүлчийн бүлгийн сүүлчийн анги Улаанбаатарын цагаар Даваа гарагийн өглөөний 9:00 цагт HBO сувгаар цацагдсан юм.

HBO компанийн мэдээлснээр энэхүү ангийг тус компанийн бүх сувгаар 19.3 сая хүн үзсэнээс АНУ-ын зах зээлд 13.6 сая хүн үзжээ.

Энэ нь HBO компанийн түүхэн дээд амжилт юм байна. Өмнөх дээд амжилтыг 2002 онд гаргасан “The Sopranos” цувралын сүүлчийн анги 13.4 сая үзэгчтэйгээр эзэмшиж байжээ.

Гэхдээ АНУ-аас бусад улсуудын зах зээлд хууль бус аргаар хуулбарлан үзсэн тоо үүнээс олон дахин өндөр байдаг юм. Тухайлбал сүүлчийн наймдугаар бүлгийн эхний ангийг дөрөвдүгээр сарын 14-нд үзүүлэхэд 24 цагийн дотор 54 сая хувь хуулбарлагдаж тарсныг тухайн үед Muso зах зээлийн судалгааны байгууллага мэдээлж байв.

Тэдгээрийн ихэнх нь Хятад, Энэтхэгийн зах зээлд хуулбарлагджээ.

Өчигдөр сүүлчийн ангийг цацсаны дараа HBO компаниас “Game of Thrones” цувралын зарим гол баатруудын үзэгч фэнүүдтэйгээ салах ёс гүйцэтгэсэн бичлэгийг нийтэлсэн байна.

Уг дүрс бичлэгт Исаак Хэмпстид Райт (Брэн), Эмилиа Кларк (Данерис), Жон Брэдли (Сэм), Кристофер Хивью (Тормунд), Гвендолин Кристи (Бриени), Мэйси Уилльямс (Арья), Софи Тюрнер (Санса) нар өөрсдийг нь дэмжиж, хайрлаж байсан үзэгчдэдээ талархал илэрхийлээд салах ёс гүйцэтгэжээ.

Эх сурвалж: Business Insider



Та LookTV-ээр “Game of Thrones” цувралын ТӨГСГӨЛИЙН БҮЛЭГ-ийг МОНГОЛ ДУУ ОРУУЛГА-тайгаар, бүтэн хувилбараар нь хаа хүссэн газраасаа үзэх боломжтой. GOT Цувралын БҮХ АНГИ сард ердөө 4950₮ юм байна.