Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/05/21-НД НИЙТЛЭГДСЭН

Зеленский тангараг өргөснийхөө дараа Украины парламентыг тарааж, өөрийнх нь хөргийг залахыг хориглов

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 5 сарын 21
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр буюу Даваа гарагт Украины шинэ ерөнхийлөгч Володимир Зеленский тангараг өргөж, үүрэгт ажилдаа оржээ.

Тангараг өргөснийхөө дараа тэр Украины парламент буюу Верховная Радаг тараах шийдвэрээ зарласан байна. 

Тэр бас өмнөх ерөнхийлөгч Петро Порошенкогийн хүмүүс болох ерөнхий прокурор, батлан хамгаалахын сайд, аюулаас хамгаалах газрын дарга зэрэг өндөр албан тушаалтнуудыг огцрохыг уриалжээ.

Удалгүй эдгээр албан тушаалтнууд огцрох болсноо зарласан бол Украины ерөнхий сайд Володимир Гроисман мөн огцрох шийдвэр гаргасан байна.

Украины парламентын сонгууль аравдугаар сарын 27-нд болох товтой байгаа. Зеленский парламентыг хугацаанаас нь өмнө тарааснаар ээлжит бус сонгууль явагдах болж байна.

Зеленский бас хэлсэн үгэндээ “Миний хамгийн түрүүнд хийх ажил бол Донбаст дайны галыг зогсоох юм. Бид энэ дайныг эхлүүлээгүй ч дуусгах эсэх нь биднээс хамаарна” гэжээ.

Тэр бас төрийн албан хаагчдад ажлынхаа өрөөний хананд өөрийнх нь хөргийг залахгүй байх, оронд нь хүүхдүүдийнхээ зургийг өлгөхийг уриалсан байна.

“Хүүхдүүдийнхээ зургийг хананд өлгөөд шийдвэр гаргах бүртээ тэдний нүд рүү харж бай” гэж Зеленский төрийн албан хаагчдад зөвлөжээ.

Үүнээс гадна Зеленский дэлхий даяар тархан амьдарч байгаа украин гаралтай хүмүүст иргэний харьяалал олгож, тэдний мэдлэг туршлагыг Украин улсын хөгжилд ашиглах хүсэлтэйгээ мэдэгдсэн байна.

Хэлсэн үгийнхээ эцэст тэр “Өнөөдрийг хүртэл бүх амьдралаа би Украинчуудыг инээлгэхэд зориулсан. Ирэх таван жилийн хугацаанд би Украинчуудыг уйлуулахгүйн төлөө бүхнийг хийнэ. Украины алдар бадраг!” гэж мэдэгджээ.

 

Эх сурвалж: Reuters