Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/05/21-НД НИЙТЛЭГДСЭН

АНУ-ын засгийн газар Хуавэйд Android системээс шилжих 90 хоногийн хугацаа өгөв

Р.Түвшин, iKon.mn
2019 оны 5 сарын 21
iKon.MN
Зураг зураг

Ням гарагт Google компани Хятадын Хуавэй компанид өгсөн Андроид системийнхээ лицензийг цуцалж байгаа тухай мэдээлсэн билээ.

Ингэснээр Хуавэй компанийн гар утаснууд Андроид системийн шинэ хувилбар, системийн засвар сайжруулалтуудыг авах боломжгүй болж, хэрэглэгчид нь Андроидыг дагалдаж ирдэг Play Store, Gmail зэрэг үйлчилгээнүүдийг хэрэглэх боломжгүй болох юм.

Тэгвэл АНУ-ын засгийн газар Даваа гарагт Хуавэй компанид шилжилт хийх 90 хоногийн хугацаа өгсөн байна. Өнөөдрийн байдлаар зах зээлд борлуулагдаж байгаа Хуавэй компанийн гар утаснуудын ажиллагаа хэвийн үргэлжилнэ.

Харин өнөөдрөөс хойш шинээр гарах гар утас, төхөөрөмжүүдэд нь Google компани Андроид системээ ашиглуулахгүй болжээ. Хуавэй компани наймдугаар сарын 19-нөөс өмнө амжиж гар утаснуудынхаа үйлчилгээг тасалдуулахгүй байх арга хэмжээ авах ёстой болж байна.

Өөрөөр хэлбэл энэ өдрөөс эхлэн Хуавэйн шинэ, хуучин бүх гар утаснуудад суусан Андроид системийн засвар, шинэчлэл, үйлчилгээнүүдийг Google компани биш, Хуавэй өөрөө хариуцна.

Наймдугаар сарын 19-нөөс хойш Хуавэй нэг бол өөрийн хөгжүүлсэн үйлдлийн систем рүү бүх гар утаснуудаа шилжүүлнэ, эсвэл Андроидын нээлттэй эхийг ашигласан өөрийн хувилбарыг нэвтрүүлнэ гэсэн үг.

Мөн энэ өдрөөс хойш Хуавэйн хэрэглэгчид Google-ийн Play Store, Gmail зэрэг үйлчилгээнүүдийг ашиглах боломжгүй болж, оронд нь Хуавэй компаниас гаргасан ижил төстэй үйлчилгээнүүдийг авах ажээ.

 

Эх сурвалж: Business Insider