Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/05/21-НД НИЙТЛЭГДСЭН

СУДАЛГАА: 15-16 настнуудын 80% нь ЕБС-аа төгсөөд "БОЛЖ ӨГВӨЛ ГАДААД ЯВНА" гэдэг сонголтыг хийжээ

Ч.Болортуяа
2019 оны 5 сарын 21
iKon.MN
 
Гэрэл зургийг MPA.mn

Хүүхэд бол бидний тусгал гэдэг үгтэй бид олон тааралддаг ч энэ үг уриа лоозонгийн шинжтэй болоод буй.

Учир нь бид хүүхдүүдийг ойлгохын тулд биш хүүхдүүдэд өөрсдийгөө ойлгуулахыг хичээсээр ирсэн. Энэ нь буруу гэдгийг сэтгэл зүйчид зөвлөсөөр байгаа билээ.

Тиймээс ч хүүхдүүд юу бодож, өөрийгөө хэрхэн үнэлж байгаа, ирээдүйгээ хэрхэн төсөөлдөг, юунаас үлгэр дуурайл авдаг тухай судалгааг бодлогын судалгааны Улаанбаатар Хүрээлэнгээс МУБИС-ийн багш, оюутнуудтай хамтран нийслэлийн улсын болон хувийн дунд сургуулиудын 10-р ангийн сурагчдаас авжээ. 

Судалгаанд нийслэлийн 15 сургуулийн 10-р ангийн 417 сурагч оролцож, санаа бодлоо илэрхийлсэн байна. Судалгааны мэдээллийг өнгөрсөн сарын 25-29-ний хооронд цуглуулжээ.

Бодлогын судалгааны Улаанбаатар Хүрээлэн нь энэхүү судалгааг цаашид ч тогтмол хийх төлөвлөгөөтэй байгаа бөгөөд энэхүү судалгааны “Тусгал” нэртэй дэлгэрэнгүй тайланг удахгүй танилцуулах юм байна.

2016 онд байгуулагдсан тус хүрээлэн нь мэдээлэлд суурилсан шийдвэр гаргах боломжийг бий болгох зорилтынхоо хүрээнд нийгмийн шинж чанартай судалгаа санаачлан тогтмолжуулж байгаагийн нэг нь энэхүү “Тусгал” судалгаа ажээ.

iKon.mn болон Улаанбаатар Хүрээлэнгийн хамтын ажиллагааны хүрээнд бид тус судалгаагаар илрүүлсэн зарим сонирхолтой мэдээллийг хүргэж байна. 

15 сургуулийн 417 сурагчаас авсан энэхүү судалгаагаар хэд хэдэн харамсалтай үр дүн гарсан нь монгол хүүхдүүд ирээдүйд эх орондоо амьдрах сонирхол тун бага байгаа юм. Энэ тухай судалгааны үр дүнг дараагийн удаа нийтлэх болно. Юун түрүүнд хүүхдүүдийн мөрөөдлийн сургууль, дуртай хичээл, үргэлжлүүлэн сурахаар төлөвлөж буй мэргэжил сонголт зэргийн үр дүнг нийтэлж байна. 

Хүүхдүүдийн мөрөөдлийн сургууль бол Харвард

Судалгаанд хамрагдаж буй хүүхдүүд 10-р ангийн сурагчид бөгөөд ерөнхий боловсролын сургуулиа төгсөхөөс хоёр жилийн өмнө гэхэд сурагчдын 43% нь мөрөөдлийн сургуулиа мэдэхгүй гэж хариулсан бол мэдэж буй хэсгийн хамгийн их нь буюу найман хувь нь Харвард гэж бичжээ.

График 1, Миний мөрөөдлийн их сургууль бол ... сургууль. Болдог бол би энэ сургуульд л сурмаар байна

Хүүхдүүдийн хамгийн дуртай хичээл Англи хэл

10-р ангийн сурагчдын хувьд хамгийн дуртай гурван хичээлд:

  • Англи хэл,
  • Нийгэм,
  • Математик байна.

График 2, Миний хамгийн дуртай 3 хичээл бол...

Хүүхдүүдийн 80% нь болж өгвөл гадаад явна гэжээ

Хүүхдүүдийн дуртай хичээл англи хэл байх нь аргагүй ажээ. Учир нь тэдний 80% нь ЕБС-аа төгсөөд болж өгвөл гадаад явна гэдэг сонголтыг хийжээ.

График 3, Ерөнхий боловсролын сургуулиа төгссөний дараа би . . .

ОХИД ХУУЛЬ ЭРХ ЗҮЙ, ХӨВГҮҮД МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН МЭРГЭЖИЛ ТҮЛХҮҮ СОНГОЖЭЭ

Мэргэжил сонголтын хувьд охид хууль эрх зүй, эрүүл мэнд, бизнесийн удирдлагын чиглэлийг түлхүү сонгосон байна.

График 4, Ерөнхий боловсролын сургуулиа төгссөний дараа би . . . чиглэлээр суралцмаар байна, Охид

Хөвгүүдийн хувьд компьютер, инженерчлэл, бизнес, эдийн засаг гэсэн салбаруудыг түлхүү сонгожээ.

График 5, Ерөнхий боловсролын сургуулиа төгссөний дараа би . . . чиглэлээр суралцмаар байна, Хөвгүүд



*Судалгааны аргазүй, агуулга тал дээр санал, шүүмж хүлээн авахад Улаанбаатар Хүрээлэн нээлттэй болно.