Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/05/18-НД НИЙТЛЭГДСЭН

Даваа гарагаас эхлэн Килограммыг туухайгаар хэмжихээ болино

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 5 сарын 18
iKon.MN
Зураг зураг
Le Grand K

Жил бүрийн тавдугаар сарын 20 бол Дэлхийн Метрологийн Өдөр юм. Ирэх Даваа гарагт тохиох энэ өдөр дэлхийн шинжлэх ухааны ертөнцөд чухал үйл явдал болох гэж байна.

Учир нь энэ өдрөөс эхлэн дэлхий нийтээр килограммыг тодорхойлохдоо шинэ арга хэрэглэж эхэлнэ. Сүүлийн 130 жилийн турш килограммын эталон нь Парисын ойролцоо шилэн хоргонд хадгалагдсан “Le Grand K” нэртэй металл цилиндр байсан юм.

Килограммыг ингэж физик биетээр тодорхойлох нь алдаа гаргах эрсдэлтэй байдаг. Өнгөрсөн хугацаанд эрдэмтэд эталоныг ил гаргаж хэмжих бүрт цилиндр элэгдсээр өнөөдөр байх ёстой жингээ 50 микрограммаар алдаад байгаа гэнэ.

Тиймээс Даваа гарагаас эхлэн энэхүү хоцрогдсон аргыг халж, Планкийн тогтмол нэртэй физикийн тогтмолыг ашиглан тусгай томъёогоор килограммыг тодорхойлж эхэлнэ. Тодруулж хэлбэл тодорхой долгионы урттай гэрлийн бөөмсийн массаар килограммыг тодорхойлдог болж байна.

 

 

Олон жил үргэлжилсэн судалгааны дараа энэхүү өөрчлөлтийг өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 16-нд Парист болсон эрдэмтдийн чуулганаар дэмжсэн юм.

Даваа гарагт килограммтай хамт бас ампер, кэлвин, моль гэсэн хэмжүүрүүдийн тодорхойлолт өөрчлөгдөнө. Гэхдээ килограммаас бусад нь физик биет эталонгүй тул өөрчлөхөд харьцангүй амархан юм.

 

Эх сурвалж: Engadget