Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/05/17-НД НИЙТЛЭГДСЭН

Х.Бадамсүрэн: Эрдэнэт үйлдвэрийн нэг ажилтан 100 сая орчим төгрөгийн баялаг бүтээж байна

А.Төгөлдөр, iKon.mn
2019 оны 5 сарын 17
iKon.MN
mpa.mn

Монгол Улсын Засгийн газар болон Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим хамтран ТОП 100 аж ахуйн нэгжийг шалгаруулан, өргөмжлөх арга хэмжээг 18 дахь жилдээ зохион байгууллаа.

Энэхүү арга хэмжээний шалгаруулалтад сүүлийн 17 жилийн хугацаанд “Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ тасралтгүй хамгийн эхэнд бичигдэж байгаа билээ. 

ТОП 100 аж ахуйн нэгжийн хамгийн эхэнд зүй ёсоор бичигддэг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын захирал Х.Бадамсүрэнгээс зарим зүйлийг тодрууллаа.   

-Юуны өмнө ТОП 100 аж ахуйн нэгжийн хамгийн эхэнд бичигддэг амжилтаа энэ жил ч мөн үргэлжлүүлж байгаад баяр хүргэе. Өнгөрсөн оны амжилтаасаа дурдвал? 

-Өнгөрсөн 2018 он бол Эрдэнэт үйлдвэр, манай хамт олны хувьд онцгой жил байсан. Өнгөрсөн онд үйлдвэрийн маань 40 жилийн ой тохиосон. Үйлдвэрийн техник технологи, эдийн засаг, санхүүгийн үзүүлэлтүүд 40 жилийнхээ түүхэнд байгаагүй өндөр хэмжээнд хүрсэн. Тэр утгаараа өнөөдөр ТОП 100 ААН шалгаруулах арга хэмжээнд 17 дахь удаагаа шалгарч байна. 

Хамт олныхоо тухай ганц хоёр тоо хэлье. 2016 онд улс орон нутгийн төсөвт 184 тэрбум төгрөг төвлөрүүлж байсан бол 2017 онд 580 тэрбум төгрөг, 2018 онд 655 тэрбум төгрөг төвлөрүүлсэн. 

Энэ бол Эрдэнэт үйлдвэрийн нэг ажилтан 100 сая орчим төгрөгийн баялаг бүтээж байна гэсэн үг юм. 

Эрдэнэт үйлдвэр маань 2018 оныхоо энэ амжилтад суурилаад 2019 оныхоо үйл ажиллагааг сайхан эхлээд явж байна. 

Өнөөдрийн байдлаар техник технологийн бүх үзүүлэлт үүнийг дагасан эдийн засгийн үзүүлэлт ч гэсэн 100-110 хувийн биелэлттэй, хамт олон маань сайхан ажиллаж байна

Эрдэнэт үйлдвэрийн хэтийн төлөв ч гэсэн гэрэл гэгээтэй сайхан байна. 

-Эрдэнэт үйлдвэрийн статус өөрчлөгдөн төрийн өмчийн үйлдвэрийн газар болсноор улсад төвлөрүүлдэг татварын хэмжээ өөрчлөгдөх болов уу. Та юу гэж харж байна вэ? 

-Хамт олон маань үйлдвэрлэл, санхүүгийн хувьд хүрсэн түвшингээ бууруулахгүйн төлөө ажиллаж байгаа.